Ардчилсан намын их хурлаар О.Цогтгэрэлийг намын даргаар дахин сонгож Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүллээ.
Хоёр удирдлагатай, хоёр тамга тэмдэгтэй, УИХ дахь бүлэг нь хүртэл хоёр хуваагдаад байгаа Ардчилсан нам онц их хурлаа хийж дотоод зөрчлөө эцэслэнэ гэж байсан.
Намын удирдлагуудаа шинээр сонгож нам дотроо үүссэн талцал хуваагдлыг эцэслэсэн хэмээн Ардчилсан намын зарим гишүүд хэлж байна.
Эрдэнийн гэх тодотголтой цөөн тооны хүмүүс ч асуудлыг цэгцлэх ёстой гэж үзсэн гэлээ. Улмаар намынхаа даргаар О. Цогтгэрэлийг сонгож Улсын дээд шүүхэд батламжлах хүсэлтээ хүргүүлжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ганбат Батжуурь тэргүүтэй гурван гишүүнээ намаас хөөж байгаагаа мэдэгдсэн. Харин хөөгдсөн тодотголтой хэсэг бүлгийн гишүүд бүлгийн даргаа суудлаас нь буулгаж байгаагаа зарласан.
Улмаар албан ёсны бүлгийн дарга нь хэн бэ гэдэгт олон нийтийн эргэлзээ төрөөд байсан юм. Тэгвэл намын даргын асуудлаа дээд шүүхээр эцэслэн шийдтэл бүлгийн дарга Ганбат нь хэвийн ажиллахаар болжээ. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг ирэх оны улсын нэгдсэн төсөвт завсарлага авна гэж мэдэгдлээ.
УИХ энэ сарын 15-ны дотор ирэх оны улсын нэгдсэн төсвийг батлах учиртай. Төсвийн хоёр дугаар хэлэлцүүлэг хүртэл ирэх оны төсөв дээр дүгнэлтээ гаргаагүй байсан Ардчилсан нам өнөөдөр завсарлага авна гэж мэдэгдэж байгаа нь цаг хугацааны хувьд боломжгүй байх эрсдэлтэй юм.
ШУУД ҮЗЭХ