Д. ТОГТОХСҮРЭН: МАН ирэх сард Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжилна

Намууд

Ирэх сард болох МАН-ын их хурлаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.

Эрх баригч МАН дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдах зохицуулалт бүхий намын их хурлаа ирэх сарын 6-ны өдөр хийхээр товлосон. Намын их хурлаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнээс олон нийтийн анхаарал татаж байгаа нь өнөөгийн намын дарга Л.Оюун-Эрдэнийг батламжилж эрх  үүргийг нь тодорхой болгох эсэх асуудал юм. Бага хурлаар сонгогдсон даргыг их хурлаар батламжлах асуудал нэн чухал гэдгийг тус намын гишүүд онцолж байна. Харин ууган намын даргад нэр дэвших өөр хүн улс төрийн хүрээнд одоогоор яригдахгүй байгаа юм.

Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл төрийн ордонд гэнэт хуралдаж намын их хурлынхаа товыг 12-р сарын 6-ны өдөр гэж тогтсон. Тус намын их хурлаар намын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын баримтлах зарчим, нийгэмд үүссэн өнөөгийн асуудлууд болоод намын дарга удирдлагын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх зохицуулалттай. Намын их хурлаар нэг талд нь гаргах гол асуудал бол өнөөгийн намын даргыг батламжлах юм. Гэхдээ Ардын намд даргын суудалд горилох амбиц тээсэн олон хүн байгаа гэж цахим сүлжээнд бичиж эхэлсэн. Тэгвэл Ардчиллын зарчмаар намын даргын суудал хүн бүрт нээлттэй ч өнөөгийн даргынхаа эрх мэдлийг нь баталгаажуулах зорилгоор их хурлын тов тогтоосон гэж гишүүд хэлж байгаа юм.

МАН-ын их хурлаар заалнаас эсвэл бусад байдлаар ууган намын даргад нэр дэвших тохиолдол гарах магадлалтай. Гэхдээ 65-ын бүлэг, засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга гэх том эрх мэдлийг Оюун-Эрдэнэд баталгаажуулан өгч ажлаа хангалттай хийх орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй гэж олонхийн бүлгийн ихэнх гишүүд байр сууриа нэгтгэжээ. Тиймдээ ч их хурлын товыг тогтоохдоо намын даргыг баталгаажуулах асуудалд түлхүү анхаарч байгааг гишүүд онцолж байна.

10 гаруй жилийн өмнө тус намын их хурлаар Миеэгомбын Энхболдоос намын даргын суудлыг С.Баяр авч улмаар засгийн газрын тэргүүн болж байсан түүх бий. Тиймдээ ч энэ удаагийн их хурлаар дээрхтэй ижил тохиолдол гарах вий гэж цахим сүлжээнд бичих болсон. Харин МАН-ын ууган кадрууд өнөөгийн даргаа батламжилж  намын ч тэр төр засгийн ажлыг ч тэр хэвийн саадгүй үргэлжлүүлэх нь чухал байгааг хэлж байгаа юм. Гол нь намаас өгч байгаа итгэлийг цаашид хэрхэн даах, эрх мэдлээ хэр хэмжээнд хэрэгжүүлж хүчтэй дарга байж чадах эсэх нь түүний ур чадвар гэдгийг ч онцолж байна.