Засгийн газар коронавируст халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа учраас цар тахлын эсрэг богино хугацаатай хуулийг зургаан сараар сунгах санал оруулсан. Эрх баригч Монгол Ардын Намын бүлэг энэ саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ дарга нарын хөрөнгө мөнгө шууд зарцуулах болон албан тушаалтны томилгоо хийхийг зөвшөөрсөн зүйл заалтыг эргэн харахаар болжээ. Мөн хуульд тусгагдсан иргэдэд үзүүлэх зарим эдийн засгийн дэмжлэг үргэлжлэхээр болж байна.
Цар тахлын хууль анх батлагдахдаа нэг удаагийн байхаар зохицуулалтыг хйиж байсан ч халдварын нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн удаа сунгаад байгаа. Тус хуулиар засгийн газар төсөв захиран зарцуулахдаа УИХ-д танилцуулахгүй шууд зарцуулах эрхийг олгосон нь олон шүүмжлэлийг дагуулсан. Мөн төрийн албанд шууд томилгоо хийхээс гадна өндөр өртөг бүхий эрүүл мэндийн зарим хэрэгслийг сонгон шалгаруулалтгүй авч байгаа нь хуулийн нэрээр эрх баригчид идэх завшаан болсон гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл дээрх заалтуудыг эргэн харж засварлахаар болжээ. Харин бусад олон харилцааг цар тахлын хууль зохицуулж байгаа тул сунгах нь зүйтэй гэж олонх үзлээ.
Цар тахлын хуулийг зургаан сараар сунгах засгийн газрын саналыг МАН дэмжлээ
Цар тахлын хууль зургаан сараар сунгагдаж байгаатай холбоотой иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар хойшлуулж байна. Мөн төрийн үйлчилгээний салбарын ажилтан алба хаагч нарт одоо олгож байгаа нэмэгдэл цалин урамшлууллыг ирэх онд бууруулахгүй олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин ирэх оны эхээс төлөгдөх ус дулаан цахилгааны төлбөрийг иргэд аж ахуй нэгжүүд өөрсдөө төлөх юм.
Төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудад одоо олгож байгаа нэмэгдэл цалин урамшууллыг ирэх онд үргэлжлүүлнэ
МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцэхээс гадна Засгийн газрын тэргүүний өргөн барьсан шинэ сэргэлтийн бодлогыг дэмжлээ. Энэ хүрээнд одоо мөрдөж байгаа 40 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар эхний ээлжинд 20 орчим хуулийг өөрчлөхөөр болжээ. Эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогод иргэдийн хүлээлт ч өндөр байгаа. Тиймээс шинэ сэргэлтийн бодлогыг төрийн бодлого болгож дунд хугацааны хөтөлбөр байхаар шийдвэрлэж байна.