С.ЭРДЭНЭ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй

Намууд

АН-ын дарга С.Эрдэнэ дайны гэмт хэрэгтнүүдтэй Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар хамтарсан байж болзошгүй асуудлыг АНУ, Европын холбооны хуулийн байгууллагаар шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдлээ. 2021 оны 2 сард Оросоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр халхавчлан 2 сая доллар жийп машинаар оруулж ирснийг газар дээр нь илрүүлсэн мэдээлэл гараад таг чиг болсон. АН хууль хяналтын байгууллагад хандсан ч, өнөөдрийг хүртэл хариу байхгүй байгаа тул хил дамнасан мөнгө угаалтын энэ хэргийг олон улсад тушаахаар шийджээ. 

АН-ын дарга Эрдэнэ энэ хэргийг дахин санууллаа. 2021 оны 2-р сарын 12-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Бямбацогт, Галбадрах нар УН 0536 дугаартай Ланд маркийн автомашинаар Алтанбулагийн боомтоор гарсан. Тэд Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын талаар Оросын талтай ярилцах мэдүүлэг бөглөсөн байлаа. Очсон даруйдаа ОХУ-ын төрийн томоохон албан тушаалтнууд, ҮАБЗ-н гишүүд, Батлан хамгаалах яам, УБ төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагынхантай уулзсан байна.

Улмаар 4 хоногийн дараа Бямбацогт нь Орост үлдэж, Галбадрах нь УН 0536 дугаартай Ландаараа буцаж иржээ. Ирсэн өдрөө Хан-Уул дүүргийн спорт цогцолбор орчим байрлах зочид буудлын өмнө Ланд круйзер маркийн 0390 дугаартай машинтай хүмүүстэй уулзсан. Гэвч 0390 дугаартай машиныг шалгах явцад хуурамч дугаар ашиглаж байсан нь нотлогдсон, одоо мөрөө бууруулсан гэж Эрдэнэ дарга хэллээ.

Тэрээр бүтэн жил өнгөрчхөөд байхад ийм ноцтой гэмт хэргийг Монголын хууль хяналтын байгууллага шалгасан тухай ямар ч мэдээлэлгүй байгаа учраас АНУ-ын элчин сайд, Европын холбооны орнуудын элчин сайдуудаар дамжуулан тус улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаж байгаа гэлээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, дайны гэмт хэрэгтнүүдтэй хамтран ажиллах гэхчлэн олон асуудлыг албан хүсэлтдээ дурдсан байна.  

С.Эрдэнэ дарга дахиад нэг ноцтой баримт хэллээ. Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Белорусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хамсаатан байж болзошгүй гэлээ.

2020 оны 11-р сарын 6-ны өдөр Европын холбооны орнууд, Швейцарь, АНУ зэрэг орнууд Лукашенкогийн хамаарал бүхий 59 хүний хөрөнгийг царцаасан бөгөөд, Монголоор дамжуулан Лукашенко мөнгөө угааж байгаа тухай мэдээлэл олон улсад цацагдсан. Тэд төрийн өмчит Белаз машины үйлдвэрийнхээ Монгол дахь албан ёсны диллер Юнайтед Белаз  компанийг хууль бус үйлдэлдээ ашигладаг тухай мэдээлэл гарч байсан нь мөн л Халтмаагийн Баттулгатай холбогддог гэлээ.  

АН-ын дарга Эрдэнэ Монголын хууль хяналтын байгууллага нэгэнт хүчрэхгүй том хэмжээний гэмт хэргийн энэ сүлжээг АНУ, Европын холбооны хууль хяналтын байгууллагаар шалгуулж байж учиг нь тайлагдана гэж үзэж байгаагаа онцолсон юм.