ЗГ-ын сайд, дэд сайд нар тухайн салбартаа 4-өөс доошгүй жил ажилласан байх шалгуур бүхий хууль санаачилжээ

Засгийн газар

Улсын хэмжээнд 206 мянган төрийн алба хаагч байдгаас 3600 нь улс төрийн албан тушаалтан байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн албан тушаалтнуудын томилгоонд өндөр шалгуур тавьж байгаагүй нь төрийн нэр хүндийг унагах гол шалтгаан болсон гэж гишүүд үзлээ.

Мөн улс төрийн албан тушаалтанд сануулах, сахилгын шийтгэл ногдуулах тодорхой зохицуулалт байдаггүй. Зөвхөн огцруулах арга хэмжээ авч байгаа юм. Тиймээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Гэвч тус төсөл гишүүдийн шүүмжлэлийг дагууллаа. 

Улс төрийн албан тушаалтанд тавигдах шалгуур шаардлага бага, сахилга харуицлага тооцох арга хэмжээ байхгүйгээс төрийн нэр хүнд доог тохуу болтлоо унасан гэж нэр бүхий гишүүд үзсэн байна.

Тиймээс төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар улс төрийн албан тушаалтнуудад сахилга хариуцлага болоод томилгооны шалгуур тавих зүйл заалтуудыг тусгажээ.

Тухайлбал, засгийн газрын сайд, дэд сайд нар тухайн салбартаа 4-өөс доошгүй жил ажилласан байх бол аймаг сумдын засаг дарга, орлогч дарга нар орон нутагтаа 2-оос доогүй жил ажилласан байхаар тусгажээ.

Монголын төрийн босго өндөр байх ёстой гэдэг ч өнөөдөр албан бичгээ зөв бичиж чадахгүй төрийн сайд байдаг хэмээн тэрээр онцолсон юм. Тиймээс сахилга хариуцлага болоод томилгоог тодорхой тусгах ёстой гэсэн Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт зарим гишүүдээс шүүмжлэл хүртлээ.

Хуулийн төслийг гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэт тунхгийн шинжтэй болсон гэж гишүүдийн олонх шүүмжиллээ.

Тиймээс хэлэлцүүлгийн шатанд дээрх төслийн заалтуудыг илүү тодорхой тусгаж улс төрийн албан тушаалтнуудад тооцох хариуцлагыг нарийн тусгахаар болж байна.