Сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх эсвэл хугацааг хойшлуулах эсэхийг долоо хоногийн дараа шийднэ

Засгийн газар

Өнгөрсөн хоногт ковид-19 халдварын 3,088 тохиолдол  бүртгэгдлээ.  Хоногт илэрч байгаа халдварын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар илэрч байна. Энэ сарын сүүл, ирэх сарын эхээр халдвар оргил үедээ хүрч өдөртөө 50-60 мянган тохиолдол батлагдах эрсдэлтэйг мэргэжлийн байгууллага санууллаа. Тиймээс Сар шинийн баярын дараа сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх эсвэл хичээл эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулж магадгүй байна.

Сүүлийн үед илэрч байгаа халдварын 90-ээс дээш хувьд нь Омикрон хувилбар өвдсөн иргэдийн 30 орчим хувь нь хөнгөн өвчилж байна.  Харин 60 орчим хувь хүндэвтэр, 10 орчим хувь нь нэн хүнд байгааг  ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өвдсөн иргэдийн 80 хувь нь гэр бүлийн хүрээнд, эсвэл ажлын газраасаа халдвар авч байгааг онцоллоо. Омикрон хувилбарын шинэ давалгаа энэ сарын сүүл ирэх сарын эхээр оргил үедээ хүрнэ гэж тооцоолжээ.

Өдөрт бүртгэгдэх халдварын 90 хувьд Омикрон вирус бүртгэгдэж байна 

Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс хичээл сургалтын үйл ажиллагааг дахин цахим хэлбэрт шилжүүлэх санал тавьсан байна. Эхний ээлжинд 7-14 хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх эсвэл нөхцөл байдал хүндэрвэл хичээл эхлэх хугацааг 7 хоногоор хойшлуулж магадгүй гэж мэдэгдлээ. Эцсийн шийдвэрийг долоо хоногийн дараа засгийн газраас гаргахаар болоод байна.

Халдварын оргил үед өдөрт 50-60 мянган тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй 

Омикрон хувилбарын тархалт оргил үедээ хүрэхэд өдөрт  бүртгэгдэх тохиолдлын тоо 50-60 мянгад хүрнэ гэж тооцоолж байна. Өвдсөн иргэдэд илэрч байгаа шинж тэмдэг альфа, дельта хувилбартай харьцуулахад хөнгөн байгааг албаны хүн хэллээ.

Халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотой ХӨСҮТ-өөс хэд хэдэн анхааруулга сэрэмжлүүлгийг иргэд олон нийтэд хүргэж байна. Иргэд томоохон дэлгүүр, зах худалдааны төв, эмнэлгээс халдвар авч халдвар авах нь нэмэгджээ. Тиймээс зүүж байгаа амны хаалтаа сайжруулж аль болох N94, 95 зэрэг шүүлт сайтай амны хаалт хэрэглэхийг зөвлөлөө.