Шахмал түлшний стандартыг нэг шат ахиулж асалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр судална

Засгийн газар

Сайжруулсан шахмал түлшний чийглэгийн стандартыг 2019 онд батлахдаа 10 хувиас багагүй байх ёстой гэж тогтоожээ. Гэвч зүүн бүсийн үйлдвэрээс гарч байгаа түлшний чийглэгийн хэмжээ 6-7 хувьтай байна. Энэ нь үйлдвэрлэлийн стандартад нийцнэ гэж албаны хүмүүс хэлж байгаа ч БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ стандартыг шинэчилж, технологи үйлдвэрлэлийг сайжруулах чигэлэл өглөө.  Мөн баруун бүсийн үйлдвэрийн ойр орчмын бохирдлыг багасгах үүднээс ногоон төгөл байгуулах ажлыг нэн даруй эхлүүлэхийг албаны хүмүүст даалгалаа.

БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ, дэд сайд Түвдэндорж нар Таван толгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч байгаа шахмал түлшний чийглэгийн хэмжээ заасан стандартаас бага байгааг хэмжилтээр тогтоосон юм. Тиймээс стандартыг ахиулж технологи үйлдвэрлэлийг сайжруулах хэрэгтэйг хэллээ. Түлшний стандартыг шат ахиулснаар түүхий эд болон зуусны стандартыг ч сайжруулах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм.

Түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх стандарттай ч одоо үйлдвэрлэж байгаа түлш 6-7 хувь байна

Нийслэлийн иргэдийн хэрэглээг арай ядан хангаж байгаа Таван толгой түлш компанийн үйлдвэрүүд 24-48 цаг түлшээ хадгалаад хэрэглэгчдэд хүргэж байсан. Бүрэн хатаж амжаагүй түлш шаталт муу явагдаж, түүнээс гарах үр дүн ч агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй. Тиймээс ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрээс шинэ гарч байгаа түлшийг 7 хоногийн хугацаанд хадгалан бүрэн хатааж байж иргэдэд  хүргэж эхэлжээ. Ингэснээр түлшний асалтад ямар өөрчлөлт орж байгааг тогтооно гэж албаны хүн хэлсэн юм. Харин салбарын сайдын зүгээс шинээр барих үйлдвэртэй зэрэгцэн түлний асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг судал хэмээн үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь хэвийн ажиллаж байна. маргааш салбарын сайд баруун бүсийн үйлдвэрт ажиллах юм. Баруун бүсийн үйлдвэр хотын суурьшлын бүсэд байралдаг тул ойр орчмын бохирдлыг бууруулах арга хэмжээг шуурхай авч ногоон төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэл өглөө.