Сар шинийн босгон дээр ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож дууслаа 

Засгийн газар

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг сар шинийн босгон дээр нэмэгдүүлж өнөөдөр иргэдийн дансанд бүрэн шилжүүлж дууслаа. Ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийх замаар парламент шийдвэрлэсэн тул өнөөдөр Засгийн газар хуралдаж тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг шуурхай олгох тогтоол гаргасан юм. Ийнхүү Засгийн газраас тогтоол баталж ахмадуудад тэтгэврийг нэмэгдэлтэй олгож эхэлснээр дундаж тэтгэврийн хэмжээ 548.4 мянгад хүрч байна.

Засгийн газар өнөөдөр хуралдаж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу ахмадуудын арилжааны банкууд дахь харилцах дансанд нь шуурхай олгох чиглэлийг банкуудад өгсөн. Энэ хүрээнд банкууд 3-4 цагийн дотор ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй шилжүүлж дууссан юм. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ өнөөдрөөс эхлэн 500 мянган төгрөг болсон бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400 мянга болж байна. Харин 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж дундаж тэтгэврийн хэмжээ 548.7 мянгад хүрч байгааг салбар хариуцсан сайд мэдээллээ.

Дундаж тэтгэврийн хэмжээ 548.4 мянгад хүрлээ 

Улсын хэмжээд ахмад настны тэтгэвэр авч байгаа 458.7 мянган иргэний 60 хувь нь доод хэмжээгээр авч байгаа. Харин төрийн тэргүүнээс өгсөн чиглэлийн хүрээнд нэмэгдүүлж байгаа тэтгэврийн нэмэгдлээр 197 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр нэмэгдэж байгаа бол 200 мянга гаруй хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 72.3 мянган иргэний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Улмаар тэтгэврийн дундаж хэмжээ өссөн үзүүлэлт гарч байгааг онцоллоо.

Энэ онд улсын инфляцийн түвшин 6-7 хувьд байх зорилт тавьсан ч өнөөдрийн байдлаар 13.5 хувьд хүрсэн. Тиймээс ахмад настнуудын тэтгэврийг инфляцитай уялдуулан 15 хувиар нэмэх шийдвэр ийнхүү хэрэгжиж эхэлж байна. Харин цаашид жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж заавал нэмдэг байх асуудлыг засгийн газар судалж эхэлснийг албаны хүмүүс мэдээлсэн юм.

ШУУД ҮЗЭХ