Ахмад настнууд, бага насны хүүхдээ халдвараас хамгаалахын тулд гэр гэртээ баярлахыг уриаллаа 

Засгийн газар

Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн сар шинийн баяраа иргэд гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг ЗГ, УОК, ЭМЯ-наас уриалж байна. Учир нь ковид-19 коронавируст халдвараар бага насны хүүхдүүд болон ахмад настнууд өвдөх тохиолдол нэмэгдсээр байна. Мөн нийслэлд идэвхтэй байгаа Омикрон хувилбарын давалгаа хөдөө орон нутаг руу тархах эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай байж ахмад настнууд болон бага насны хүүхдүүдээ халдварын эрсдэлээс хамгаалахыг уриаллаа.

Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар ковид-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын барааны ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлыг явц гээд 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Ковид-19 халдвараар өвдөх хүүхдийн өвчлөл нэмэгдэж нийт халдварын 22 хувийг эзэлж байгааг УОК-оос анхаарууллаа

Засгийн газрын хуралдаан дээр УОК, Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдвараар өвдөх хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгааг анхааруулжээ. Тиймээс Сар шинийн баяраар иргэд олон нийт хүүхэд болон ахмад настнуудаа халдвараас сэргийлэхийн тулд гэр гэртээ баярлахыг уриаллаа.

Өнгөрсөн хоногт ковид-19 халдварын 1,196 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн нас барсан. Одоогоор халдвар авсан 49 мянга гаруй иргэн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бол эмнэлэгт 10 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн нийслэлд эрс нэмэгдэж байгаа Омикрон хувилбарын давалгаа хөдөө орон нутаг руу шилжих эрсдэл өндөр гэдгийг албаны хүн санууллаа. 

Иргэд олон нийт сар шинийн баяраар гэр гэртээ баярлаж ахмад настан азай буурлуудтайгаа цахимаар золгохыг УОК, засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас ийнхүү уриалж байна. Энэ нь халдварын тархалт эрчимтэй байгаа энэ цаг үед ахмад настан болон хүүхэд багачууд хайртай дотны хүмүүсээ хамгаалж байгаа шийдвэр гэдгийг онцгойлон сануулсан юм.

ШУУД ҮЗЭХ