Л.ХАЛТАР: Урд хил хэзээнээс хуучин горимдоо шилжихийг хэлэх боломжгүй

Засгийн газар

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ирэх долоо хоногт нээнэ.

БНХАУ-ын хэд хэдэн мужид ковид-19 коронавируст халдварын тохиолдол дахин бүртгэгдээд байна. Үүнээс үүдээд Хятад Улс хилээ хэзээ бүрэн нээж, бараа эргэлт өмнөх шигээ болохыг хэлж мэдэхгүй байна гэж Зам тээврийн хөгжлийн сайд хэллээ.

Урд хөршөөс бараа бүтээгдэхүүний импорт, нүүрс тээврийн экспортоос хараат манай улсын тухайд тээвэр ложистикоо хурдан хугацаанд сайжруулах, боомтын гарцуудыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ чиглэлд Засгийн газар онцгой анхаарч өнөөдөр хэд хэдэн шийдвэр гаргалаа.     

Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улс урд хөрш рүү нүүрс экспортод гаргаж голлох орлогоо бүрдүүлдэг ч тээврийн асуудлаас үүдээд түүхэн дээд хэмжээний өндөр үнэтэй үед нь хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байгаа. Мөн нийт бараа эргэлтийн 90 орчим хувийг Хятад Улсаас хийх импорт эзэлж байгаа нь Монгол Улс хөрш орнуудаас хараат бусаар амьдрах чадамжтай болоход онцгой анхаарахыг сануулсаар байгаа юм. Гол асуудал тээвэр ложистик дээр гацдаг тул засгийн газар өнөөдөр баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргажээ.

Ковид-19 цар тахал, өвлийн олимп, дээд хэмжээний уулзалтууд гээд урд хөрш хэзээнээс хилээ бүрэн нээж амьдрал 2019 оных шигээ хэвийн горимд очих нь тодорхойгүй байна. Зам тээврийн сайд ч тээврийн асуудал хэзээ хэвийн болохыг хэлж мэдэхгүй тул урд хөрш руу ачаа тээвэрт явдаг жолооч нарын шаардлагыг биелүүлэхэд хүнд гэдгийг хэллээ. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замаар гуравдугаар сарын 5-нд зэсийн баяжмал тээвэрлэж туршилт хийсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх тус замыг ирэх долоо хоногт бүрэн нээхээр болсон гэж салбарын сайд мэдэгдлээ.