26 сарын турш хаалттай байсан агаарын замаа Хятадын тал Хүүхдийн баярын өдрөөс эхлэн нээх мэдэгдлийг ирүүлжээ. Хятад нисэх зорчигчид халдваргүй, вакцинтай байх гэхчлэн шаардлагуудыг хангасан байхад нислэг тогтмолжих юм байна.
БНХАУ-ын талаас 06 сарын 01-нээс манай улстай агаарын хилээ нээж, нислэг хүлээн авахад бэлэн гэдгээ Гадаад харилцааны яамаар дамжуулж мэдэгджээ. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Бээжин, Хонконг руу нислэг авах боломжгүй гэсэн бичиг ирүүлжээ. Тиймээс өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар уг асуудлыг оруулж, БНХАУ-ын Гуанжу, Хөх хот руу МИАТ компани долоо хоног нэг удаа нислэг хийхээр боллоо.
Хятадын улс дотооддоо цар тахлын хатуу дэглэмтэй хэвээр байгаа. Ялангуяа гадаадаас очиж байгаа зорчигчдоос Пи Си Ар шинжилгээ шаардаж, зарим хотуудад нь очсон гадны улсын иргэдийг тодорхой хугацаанд тусгаарлаж байгаа. Харин манай улсаас очих зорчигчдод цар тахлын үеийн ямар шаардалага тавих нь одоогоор тодорхойгүй байна. 6 сарын 1-нээс өмнө Гадаад харилцааны яамаар дамжин тодорхой болно гэлээ.