УИХ-ын эдийн засгийн байнгын хороо гурван хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэл өглөө.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байрын дэмжих чиглэлд 2 их наяд төгрөг төсөвлөсөн. Ингэхдээ аж ахуй нэгж, бизнес эрхлэгч иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй 50-500 сая төгрөгийн зээлийг нийт 23 мянган зээлдэгчид олгожээ. Зээлийн санхүүжилт дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн долоо хоногоос гурван хувийн хүүтэй зээл олголтыг арилжааны банкууд зогсоосон. Тэгвэл УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд гурван хувийн хүүтэй зээл олголтыг үргэлжлүүлэх хүсэлтэй иргэд хандаж эхэлжээ.
Одоогоор гурван хувийн хүүтэй 1.8 их наяд орчим төгрөгийн зээл олгосон байна. Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар Ерөнхий сайд дахин нэг их наяд төгрөгөөр зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг судлахыг холбогдох албаны хүмүүст даалгасан. УИХ-ын эдийн засгийн байнгын хороо ч зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлийг төв банкинд өгсөн байна.
Сангийн яамны зүгээс гурван хувийн зээлийн шалгуур хангах аж ахуй нэгжүүд цөөрсний дээр энэ онд дээрх зээлийг хангалттай олгосон гэх байр суурийг илэрхийлж байгаа. Ямартай ч зээлийн санхүүжилтийг нэмэхээр Төв банк болоод Сангийн яам судалгааны ажлыг хийж эхэллээ.