Х.Доржханд: 7 жил болсон “Ирээдүйн өв сан”-д гар дүрчхээд одоо хүүхдийн мөнгө байдлаар тараах нь буруу

Парламент

Хүүхдийн мөнгийг банкинд хадгалах нь дампуурахаас эхлээд олон эрсдэлтэйг сануулж байна.

Ирээдүйн өв сангийн мөнгөн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг байна.

Засгийн газар ирэх оны 7-р сар хүртэл хүүхдийн мөнгийг бэлнээр олгох бол түүнээс хойш үе шаттай хуримтлал хэлбэрээр олгох зохицуулалтыг хийж байгаа. Гэхдээ хүүхдийн мөнгийг санхүүжүүлэхдээ "Ирээдүйн өв сан"-д төвлөрсөн хөрөнгөөс авч зарцуулахаар тооцсонд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

Учир нь 2030 он хүртэл ашиглахгүй байхаар тооцож байгалийн баялгаас хуримтлал үүсгэхээр Ирээдүйн өв санг байгуулж байсан. Тэгвэл хүүхдийн мөнгө тараахаас өмнө ч санд гар хүрсэн гэх асуудлыг зарим гишүүд хөндлөө. Учир нь 2 их наяд орчим төгрөгийн бэлэн мөнгөтэй байх ёстой тус сангийн үлдэгдэл 1.3 их наяд болжээ.

Долоон жилийн өмнө Ирээдүйн өв санг байгуулахдаа нөхөн сэргээгдэх байгалийн баялгаас тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулж ирээдүй хойчдоо өвлүүлэх зорилтой байсан. Ингэхдээ 2030 он хүртэл сангийн хөрөнгийг зарцуулахгүй зөвхөн хариуцсан компанийн урсгал зардал, аудитын шалтгалтад зардал гаргахаар тусгасан. Гэтэл засгийн газар ирэх онд олгох хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас олгохоор улсын төсвийг боловсруулсан нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм.

Ирээдүйн өв санг Төрийн сангийн дансаар зохицуулдаг болоод хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Өнөөгийн мөнгөн үлдэгдэл нь 1.3 их наяд бол харилцах дансны үлдэгдэлээр 5.2 их наяд төвлөрсөн байх ёстойг Сангийн сайд хэлж байгаа юм. Тэгвэл мөнгөн үлдэгдэл багадаа 2 их наяд байх ёстойн дээр ирэх онд хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас тараах нь олон эрсдэлийг дагуулна гэдгийг сануулж байна.

Манай улс хүүхдийн мөнгийг төсвийн урсгал зардлаас санхүүжүүлдэг байсан. Тэгвэл ирэх онд төсвөөс санхүүжүүлвэл зарим хөрөнгө оруулалтыг танах шаардлага үүсэх тул зөвхөн 2022 онд ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгө тарааж эргээд 2023 онд хуримтлалтын тогтолцоондоо шилжинэ гэж тооцсон юм.