Монгол Улс өнгөрсөн 30 жилд 500 гаруй хөгжлийн баримт бичиг гаргажээ

Парламент

Эдийн засаг, хөгжлийн яам урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээлээ.

УИХ-аар засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж хоёр яам, дөрвөн агентлаг байгуулах төслийг эцэслэн хэлэлцэж байна. Засгийн газар шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаас гадна дөрвөн агентлаг шинээр байгуулж байгаа. Дээрх шинэ бүтцэд шаардлагатай 40 гаруй тэрбум төгрөгийг ирэх оны улсын нэгдсэн төсөвт тусгаж өглөө.

Гишүүдийн зүгээс Эдийн засаг, хөгжлийн яам бол улс орны ирээдүйн хөгжилийн бодлогыг тодорхойлох онцгой үүрэг хүлээж байгааг санууллаа.

20-иод жилийн дараа хийгдсэн үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлийг нэмэгдүүлж өгсөн. Эцэг хуулийн өөрчлөлтийн үр шимийг өнөөгийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ анхлан хүртэж байгаа хүний хувьд танхимаа хэрхэн удирдах нь түүний ур чадвартай шууд холбоотой.

Тэгвэл Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар болж УИХ-аар дэмжлээ.

Хоёр яам шинээр байгуулахад шаардлагатай 6.1 тэрбум төгрөг, 4 агентлаг байгуулахад шаардлагатай 40 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад байгаа юм.

Монгол Улс өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд 500 гаруй хөгжлийн баримт бичиг гаргаж байжээ. Гэхдээ олон тооны томоохон зорилтуудыг тусгасан хөгжлийн баримт бичгүүдээс биеллээ олсон нь ховор гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байна. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яам ирээдүйн хөгжилд томоохон үүрэг хүлээж байгаа тэр хэрээр эрхийг нь олгох ёстой гэж гишүүд үзсэн юм.

Эдийн засаг, хөгжлийн яам томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, орлого төвлөрүүлэх асуудалд онцгой үүрэг хүлээн ажиллахаас гадна валютын ханшийн тогтвортой байдал, хүн амын өсөлт хөгжилд анхаарч ажиллах үүрэг хүлээлээ. Мөн хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд ил тайлагнадаг байх ёстойг гишүүд сануулсан юм.