Монгол Улсын засгийн газрын дөрвөн сайд Улсын их хурлын гишүүнээр давхар ажилладаг. Улстөрчдийн хэлж сурснаар давхар дээлтэй байх боломж дөрвөөр хязгаарлагдахгүй гэж Улсын их хурлын нэр бүхий гурван гишүүн үзжээ. Тийм учраас тэд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд байна. Тэгвэл гишүүд сайдаар ажиллах боломжтой эсэхийг шийдэх цэцийн дунд суудлын хуралдааны тов гарчээ.
УИХ-ын гишүүн Т. Доржханд, Ш.Адьшаа, Н. Ганибал нар Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх асуудлаар цэцэд хандсан. Тодруулбал засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн сайдаар ажиллахыг хориглоно гэх заалтыг 100 хувь давхар дээлтэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай гэх агуулгаар хандсан нь эрх баригч намын захиалгаар хийгдэж байгаа гэж олон нийт хардах болсон.
Засгийн газрын шинээр байгуулах хоёр яамыг одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд УИХ-аас биш гаднаас буюу давхар дээлгүй сайд ахлах учиртай. Харин цэц дээр гаргасан гурван гишүүний гомдол үндэслэлтэй гэж үзвэл цэцийн шийдвэр гэх малгайн дор шинэ сайд нарыг давхар дээлтэй томилох боломж бүрдэх юм.
Эцэг хуулийг нэг удаад өөрчилж гар дүрснээс хойш дахин 8 жил хөндөж болохгүй зохицуулалт бий. Гэхдээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан маргаан үндэслэлтэй гэж үзвэл цэцийн шийдвэрийг УИХ дээр хүлээн авч засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах боломж бүрдэх юм.
Үндсэн хуулийн цэц дунд суудлынхаа хуралдааныг энэ сарын 27-ны өдөр хуралдуулахаар товоо тогтоожээ. Хэрэв тус хурлаар цэцэд гаргасан гурван гишүүний маргаан үндэслэлтэй гэж үзвэл оноос өмнө үндсэн хуулийг дахин өөрчлөх асуудал хөндөгдөх магадлалтай. Өмнө засгийн газар 100 хувь давхар дээлтэй мөн дээлгүй явж ирсэн жишээ бий. Харин зохистой харицааг хангах үүднээс дөрөв гэх тоо тогтоосон ч өнөөгийн нөхцөлд дөрөв багадаж байгааг эрх баригчид хэлэх болсон юм.