Түгжрэлийг бууруулахаар 100 сая ам.долларыг Олон улсын банкнаас зээлж байна

Парламент

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд ахиухан хөрөнгө зарцуулж, зоригтойхон хөдөлнө гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Улсын их хурал энэ ажлыг хийхэд зориулагдах 100 сая долларын хөнгөлөлттэй зээлийг шийдэж өглөө. Энэ мөнгөөр түгжрэлийг сааруулах бүх төрлийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Улаанбаатар хотын авто замыг нэмж шинэчлэн түгжрэлийг бууруулах зорилгоор Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларыг зээлэхээр боллоо. Улмаар 2024 он гэхэд автозамын түгжрэл 15-18 хувь буурна гэж тооцоолж, зам өргөтгөлийн цогц төслийг нийслэлээс хэрэгжүүлэхээр болжээ.

Хотын түгжрэлд  нийт 700 тэрбум  төгрөг зарцуулахаар боллоо 

Ингэхдээ Нарны замын хэвтээ чиглэлийн эгнээг шинээр барих бол Яармагийн чиглэлд хамгийн урт гүүрэн байгууламжийг барихаар төлөвлөөд байна.  Мөн гэрлэн дохио бусад автозамын шинэчлэлийг цогцоор нь хийж  Амгалангаас Сонсголон хүртэл автозамын цогц төсөл хэрэгжүүлэхээ нийслэлийн удирдлага хэллээ.

Тодруулбал, 10 дугаар хорооллоос нэвт явж Сонсголонгийн замын уулзвартай нэгдэж баруун аймгууд руу гарна. Зүүн зүгийн тухайд нохойтой хөшөөнөөс Улиастайн уулзвар хүртэл явна. Нарны замын дагуу хэвтээ чиглэл ийнхүү холбогдож, нэгдэх зураг төслийг гаргажээ. 

Зам барих газрыг чөлөөлөхөд 110 тэрбум төгрөг зарцуулна

Улсын төсвөөс түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөснийг гурав задалжээ. Тухайлбал, газар чөлөөлөлтөд 110 тэрбум, нийтийн тээврийн шинэчлэлтэд 100 тэрбум төгрөгийг тусгасан бол 200 тэрбум төгрөгөөр нь  удирдлага мэдээллийн системийг хийнэ гэлээ.  Харин шинээр барих зам дээр 55-60 ухаалаг автобусны буудал барихаар төлөвлөсөн байна.

Олон улсын банкнаас 30 жилийн хугацаатай авсан зээлийг үр дүнтэй ашиглахыг гишүүд зөвлөж, зам барих нэрээр санхүүжилтээс нь хумсалдаг байдлыг зогсоох ёстойг санууллаа. 

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглох хуулийг өргөн барина