Ж.МӨНХБАТ: ЗГХЭГ ажлаа хангалтгүй хийж байна

Парламент

Шинэ оны эхнээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зардлыг засгийн газар тогтоож, хяналт тавих юм. Орон нутгийн удирдлагын харилцаанд гарч байгаа томоохон энэ өөрчлөлтийг хийхэд хууль дагасан журам боловсруулах учиртай. Гэтэл энэ журам өнөөдрийг хүртэл байхгүй байгааг гишүүд шүүмжиллээ.   

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаа хангалтгүй байгааг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд шүүмжилллээ. 2020 оны 12-р сард засгийн газар гурван журмыг гаргах чиглэлийг УИХ-аас өгчээ. Гэвч жил дамнаж байхад  засгийн газар журмаа боловсруулж их хуралд өргөн мэдүүлээгүй байна.

Ирэх оны эхээс хэрэгжих хуулийн дагалдах журмыг засгийн газар одоог хүртэл гараагүй байна

Ердөө долоо хоногийн дараа шинэ он гарч 1-р сарын 1-нээс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлнэ. Гэвч тус хуулийг хэрэгжүүлэх журам одоог болтол УИХ-д орж ирээгүй байгааг онцоллоо.

УИХ 120 минутад 140 гаруй хуулийн төслийн эцсийн найруулгыг баталсан нь олон нийтээс шүүмжлэл хүртсэн бол засгийн газар долоо хоногийн хугацаанд 150 гаруй хуулийн хийдлийг арилгах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг ханган томоохон гурван журмыг их хуралд өргөн мэдүүлэх шаардлага үүслээ. Төрийн бүх шатанд хүнд суртал гарч, аймаг сумын иргэдийн хурлаасаа эхлээд өргөн бүтцээр явдаг дээрх асуудлыг цэгцлэх гол хууль гэдгийг санууллаа.

Үүнээс гадна цар тахлын хуулиар төрийн албаны бүтцийг данхайлгаж шалгуур шаардлагагүйгээр шууд томилгоо хийсэн асуудлыг ч засгийн газар цэгцлэх ёстойг зарим гишүүд онцолсон юм.