Улсын Их Хурал өнөөдөр Оюу толгойн асуудлаар хаалттай хуралдлаа. Рио Тинтогийн зүгээс ирүүлсэн саналыг хэлэлцснээс гадна Оюу Толгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тогтоолын төслийн талаар ярилцсан байна. Энэ тогтоолоор Дубайн гэрээг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн шалгалт оруулах зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн саналыг Засгийн газар хүлээн авахад бэлэн гэж үзжээ.
“Рио Тинто” компанийн саналыг хүлээн авах засгийн газрын тогтоолыг УИХ хаалттай хэлэлцлээ.
Засгийн газар Оюутолгойн гэрээний үр өгөөжийг сайжруулах үндсэн чиглэлтэй УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилт хангалттай биелсэн гэж үзэж байгаа. Энэ тогтоол биелсэн гэж дүгнэснээр Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын түр хороо татан буугдах учиртай юм. Тэгвэл нэр бүхий гишүүд түр хороог татан буулгахгүй гэхээс гадна зарим нэг гишүүн Оюутолгойг ашиглан шантааж хийж засгийн газраас сайд, даргын суудал нэхэх тохиолдол гарч байна гэж зарим хэвлэл бичих болсон.
Өчигдөр засгийн газар Рио Тинтогийн саналыг хүлээн авч УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах төслийг УИХ хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ч хойшилсон. Харин өнөөдөр эрх баригчид дээрх асуудлыг хаалттай хэлэлцлээ.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто буулт хийсэн нь 12 жилийн дараах түүхэн үйл явдал гэдгийг онцолж тус компанийн саналыг хүлээн авахаа илэрхийлсэн.
Тэгвэл чихрэнд хууртаж байгаа хүүхэд шиг баярласандаа олон улсын шүүхэд гаргасан маргаанаа Монгол Улс татаж авах нь буруу гэж үзэх хэсэг бий.
Одоо тэглэж байгаа 2.3 тэрбум долларын өр хойшид 20 гаруй тэрбум доллар болох гэрээ хэрэгжсээр байгааг ч сануулж байгаа юм. Тиймээс бүгдийг нэг дор хийх хэцүү ч анх хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстойг онцолж байна.
Улс орноороо Рио Тинто буулт хийсэн гэж баярлаж, энэ гавьяаг өөртөө наахаар амбицлан, олон талын эрх ашгаар хандаж байгаа энэ үед Монгол Улс гэрээг сайжруулах ёстой гэсэн нэг цонхоор харах шаардлага байгааг зарим гишүүд онцолж байгаа юм.
Рио Тинтод удаа дараа дээрх саналыг тавьж байсан ч зөвшөөрч байгаагүй. Тиймдээ ч өнөөдрийн хаалттай хурлаар цаашид хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахад Засгийн газар бодлогоо тодорхойлох ёстойг гишүүд сануулсан гэдгээ хэлж байгаа юм.