Нүүрсний борлуулалт муугаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөхцөл байдал хүндэрчээ

Парламент

Урд хөрш хилээ хааж нүүрсний экспорт тасалдсанаас үүдэлтэй Эрдэнэс тавантолгой компанийн нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Хоногтоо 100 хүрэхгүй машин нүүрс тээвэрт явж байгаа энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.  

Гэтэл ирэх онд манай улс 29 сая тонн нүүрс экспортод гаргаж 3.1 их наяд төгрөгийн орлого олно гээд тооцчихсон. Тус компанийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Засгийн газар УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж нөхцөл байдлыг сайжруулахаар оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдээс шүүмжлэл хүртлээ.

2022 онд 3.1 их наяд төгрөгийг нүүрсний экспортоос олно гэж тооцсон ч хоногт 100 машин хилээр гарахгүй байна 

Засгийн газар 2022 оны улсын нэгдсэн төсвийг боловсруулахдаа нүүрсний экспортыг түүхэн дээд хэмжээнд нь тултал гаргаж түүнээсээ өндөр орлого олно гэж төлөвлөсөн. Орлогоо өндөр тавьж зарлагаа тэр хэмжээнд тултал тооцсон ирэх оны төсвийг хэт хөөсрөлттэй, өөдрөг төсөөлөл гэж эдийн засагчид үздэг.

Учир нь дэлхий нийтэд цар тахлын шинэ давалгаа үүсч манай улсаас нүүрс авдаг голлох экспортлогч Хятад Улс хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байсаар байна.

2-р сард Хятад Улс цагаан сараа хийж 3, 4 саруудад Өвлийн олимп, Паралимп үргэлжилнэ. Нөхцөл байдлаас харахад ирэх оны хагас хүртэл урд хөрш хил бүрэн нээгдэхгүй байх эрсдэлтэй байгаа юм.

Нүүрсний экспортын өнөөгийн нөхцөл байдлаас харахад ирэх онд төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэл өндөр байна.

Манай улс нүүрсээ сорчилж зарсаар 5-6 сая тонн эсэлдсэн нүүрс хог болох эрсдэл үүсчээ.

Үүнээс гадна манай улс дан сайн чанарын нүүрсээ сорчилж гаргасаар гаргасаар 5-6 сая тонн эсэлдсэн нүүрс хог болох эрдэл үүсчээ. Энэ асуудалдаа онцгой анхаарахыг УИХ-ын үйлдвэржилтын бодлогын байнгын хорооны гишүүд анхаарууллаа.