Чуулганы хуралдаанаа олон удаа тасалсан гишүүнийг эгүүлэн татах ёстой юу?

Парламент

Өнгөрөгч 12-р сарын 30-ны өдөр парламент УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Уг дүрмээр чуулган болон байнгын хорооны хуралдаанаа тав болон түүнээс дээш удаа шалтгаангүй тасалсан гишүүнийг эгүүлэн татах заалт орсон гэх ташаа мэдээлэл тархаж эхэлжээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь дүрэм журмаар шийдэгдэх амар асуудал биш. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол эгүүлэн татах асуудал хөндөгдөх Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх том асуудал юм. Харин УИХ-ын гишүүний дүрэмд сануулах, цалингийн хувь хэмжээг бууруулах зэрэг сануулга өгөх зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.

Шинэ оны өмнө  намрын чуулганы хугацаанд  байнгын хороо, чуулганы хуралдааныг нэг ч таслаагүй Улсын их хурлын гишүүдийг УИХ-ын дарга  Г.Занданшатар  тодруулж урамшуулсан. Гэтэл хууль тогтоож, иргэдийн өмнөөс төрд төлөөлөл болсон гишүүд хийх ёстой ажлаа хийж, үүргээ биелүүлснийх нь төлөө хагас сая төгрөгийн шагнал гардуулсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа.Тэгвэл энэ оны эхнээс Улсын их хурлын гишүүн байнгын хороо чуулганы хуралдааныг таван өдөр тасалсан бол  эргүүлэн татахаар болсон талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээлсэн. Гэвч Үндсэн хуулиас давсан ийм шийдвэр гараагүй гарах боломжгүй гэж зарим гишүүд хэлж байна.

Ц.Даваасүрэн: Ёс зүйн асуудлыг хуульчлах боломжгүй
Г.Тэмүүлэн: Хуралдаа суухгүй бол эгүүлэн татдаг байх ёстой

Улсын Их Хурлын гишүүн  гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шүүх эцэслэж  Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэний дараа бүрэн эрхийг нь  түдгэлзүүлэх эцэг хуулийн заалттай. Тэгвэл шинэ оны өмнө Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлахдаа эгүүлэн татах заалт оруулсан гэж олонхийн бүлгийн дарга мэдээлсэн нь олон нийтэд буруу ойлголт өгчээ. Нэг талдаа  ёс зүйн асуудлыг  хуульчлах гэж оролдож байгааг  гишүүд дэмжихгүй байна. Чуулганы хуралдаа суухгүй, ёс зүйгүй байна гэдэг нь  өмөөрөх шалтгаан биш ч хуулиар шийддэг асуудал биш гэж хэллээ. Харин нөгөө талд нь хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй парламент бий болгохын тулд  эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авахыг дэмжиж байгаа гишүүд бас байна. 

2021 оны хавар, намрын чуулган нийт 61 удаа хуралджээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2021 оны хаврын чуулганы 34, намрын чуулганы  27 удаа хуралдахад ганц минутаар ч хоцролгүй бүрэн сууж  таслалт, хоцролтгүй оролцсон хэмээн шагнуулсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хамгийн их таслалттай гишүүдийн тоог тэргүүлж байна.