Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг холбоодын 67 хувь нь гаднаас санхүүжиж байна 

Парламент

Улсын их хурлын нэгдсэн чуулган өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулиар төрийн бус байгууллага, холбоодыг эмх цэгцтэй болгох зохицуулалтыг хийх юм. Учир нь ФАТФ олон улсын байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, холбоодоор дамжуулан мөнгө угаах бүрэн дүүрэн боломж байгааг сануулсан юм. Тийм учраас мэргэжлийн холбоодыг ангилах, төр зарим чиглэлийн үйл ажиллагаагаа холбоодод даатгах, гишүүнчлэлийг тодорхой зааж зэрэг зохицуулалтыг энэ хуульд багтаажээ.

Монголд төрийн бус байгууллага, холбоодын тоо 21 мянгад хүрч зах замбараагаа алдсныг хууль санаачлагчид хэлж байна. Нэг хүний нэр дээр 49 төрийн бус байгууллага бүртгэлтэй байгааг ч онцоллоо. Хэдийгээр иргэний нийгмийн байгууллага хүчирхэг байж төр хүчтэй байна гэдэг ойлголт бий ч баланс алдагдаж болохгүйг гишүүд хэлж байна.

Энэ хуулиар хоёр болж хуваагдан маргалдаж байгаа холбоодыг сонгон шалгаруулах замаар нэгийг нь мэргэжлийн холбоогоор шууд нэрлэдэг байхаар тусгажээ. Мөн мэргэжлийн холбоод төрийн зарим ажлыг гүйцэтгэж болохоор оруулж өгсөн байна.

Тухайлбал мэргэжлийн зэрэг олгох, ёс зүйн дүрэм батлах, салбартаа хяналт тавих зэрэг байж болохоор заажээ. Харин төрийн бус байгууллага, холбоод ашгийн бус байдаг учраас ашиг олохыг хязгаарласан байна. Нэг байгууллага 50 хувиас хэтрүүлэхгүй орлого олж түүнийгээ үйл ажиллагаандаа зарцуулж болдог байхаар тусгажээ. Төрийн бус байгууллага бол төрийн зарим үүргийг хүлээх ч хөндлөнгийн хяналтыг төрд тавьдаг. Гэтэл зарим төрийн байгууллага дэргэдээ холбоо байгуулж эхэлснийг Б.Энхбаяр гишүүн шүүмжиллээ.  

ФАТФ олон улсын байгууллагаас монголчууд холбоод, төрийн бус байгууллагаа цэгцлэхгүй бол мөнгө угаах эрсдэл өндөр байгааг сануулсан юм. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт холбоодын 67 хувь нь гаднаас санхүүжилт авдаг нь ч тодорхой болжээ. Гэтэл энэ хуулиар гаднаас санхүүжилт татах ажлыг зохицуулах бус харинч гаднаас авч болно гэж зөвшөөрсөн байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болсон байгааг гишүүд тодотгон асуулаа. 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэх байсан ч Монгол ардын намын бүлэг дахин судлах шаардлагатай гэж үзэн тав хоног завсарлага авлаа.