Улсын хэмжээнд ковид-19 халдварын тохиолдол эрс нэмэгдэж УИХ-ын цөөнгүй гишүүд өвдөөд байна. Тиймээс УИХ-ын намрын ээлжит чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулж өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 13 асуудлыг эцэслэн хэлэлцэж ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. УИХ-ын дарга ирэх хаврын ээлжит чуулганаар томоохон чухал хуулиад хэлэлцүүлгээ хүлээж байгааг онцлоод намрын ээлжит чуулганыг албан ёсоор хаалаа.
УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд 75 өдөр чуулж байнгын хороод 97 удаа хуралдсан байна. Чуулганы нийт хугацаанд 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэж өнөөдөр албан ёсоон өндөрлөж байна.
УИХ өнгөрсөн хугацаанд 234 хуульд өөрчлөлт оруулахаас гадна 39 тогтоолын төсөл хэлэлцэн баталжээ. Намрын чуулганы гол онцлог нь, үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд хуралдсаныг УИХ-ын дарга онцлоод Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд улс орон даяар сурталчлах ажлыг бүтэн жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ.
Харин дэлхий нийт цар тахалд нэрвэгдэж улс орнуудын инфляцийн түвшин огцом өсөлттэй байгаа энэ цаг үед ард иргэдийн амьжиргааг дэмжиж тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд засгийн газар анхаарч ажиллахыг УИХ-ын дарга хаалтын үеэр онцлон хэлсэн юм.
Ирэх хаврын ээлжит чуулганаар иргэдийн амьдрал улс орны хөгжилд чухал үүрэгтэй томоохон хуулиуд хэлэлцүүлгээ хүлээж байгааг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс онцолсон юм. Өнөөдөр хаалтаа хийсэн намрын чуулганы төгсгөлд УИХ-ын дарга монгол түмний уламжлалт сар шинийн баяраар иргэд олон нийт халдвараас сэргийлж гэр бүлийн хүрээнд тэмдгэлэн өнгөрүүлэхийг уриалсан юм.