УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2022.01.18/ хуралдаанаар гурван улсад суух элчин сайдыг томиллоо. Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-д сурдаг Монгол охины эрх ноцтойгоор зөрчигдсөн асуудалд хариуцлага тооцон Монгол Улсыг төлөөлж байсан элчин сайдыг эгүүлэн татсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсаас БНСУд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, мөн Кувейт Улс болон Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилсон юм. УИХ-ын гишүүдийн зүгээс элчин сайд нар иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллахыг сануулж байлаа.
Дэлхийн 90 орчим улсад Монгол Улсын 171 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч сурч боловсорч байна. Үүнээс БНСУ, БНХАУ, АНУ-д хамгийн олон Монголчууд амьдарч байгаа юм. Сүүлийн үед Солонгос Улсад суугаа Монголчуудын эрх ноцтой зөрчигдөж байгаа сэтгэл сэртхийлэм хэргүүд шил дараалан гарч байсан ч Гадаад харилцааны яамнаас эхлээд консулын газрууд нь мэдээгүй сууж байсан олон жишээ бий. Тэгвэл элчин сайд нар иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд анхаарч ниргэсэн хойно нь хашхирч суух биш урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэйг УИХ-ын гишүүд санууллаа. Энэ чиглэлд бодлогын яам ямар арга хэмжээ байгааг УИХ-ын зарим гишүүд тодруулж байсан юм.
Монгол Улсын 42,424 иргэн ажиллаж амьдарч байгаа Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнцогтын Сарантогосыг томиллоо. Харин Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг томилсон бол, Кувейт Улсад суух Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилсон юм.
Шинээр томилогдсон элчин сайд нар тухайн улсдаа ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарахаас гадна эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахаа хэлж байлаа
Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх гурван улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох асуудлаар зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. УИХ-аар элчин сайд нарын томилгоог хэлэлцэж нийт гишүүдийн олонхи дэмжин ийнхүү томиллоо.