Улсын их хурал 10 сарын өмнө хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан. Ази тивдээ анхдагч болохоор эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хууль хэрэгжээгүй байна. Гол шалтгаан нь Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд хороо байгуулах ёстой. Энэ ажил хийгдээгүйгээс батлагдсан хууль хойшилсоор байгааг гишүүд хэллээ.
Манай улс өнгөрсөн онд анх удаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон. Батлагдсан цагаас хойш 10 сарын хугацаа өнгөрсөн тус хуулийн хэрэгжих тоолуур гүйгээд зургаан сар өнгөрчээ.
Азидаа анх удаа Монгол Улс хүний эрх хамгаалагчийг хамгаалдаг хуультай боллоо хэмээн сүржин зарлаж байсан ч хэрэгжилт нь тун хангалтгүй байгааг цахим сүлжээнд шүүмжилж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хуулиар хамгаалах үндсэн зорилгтой хуулийг хэзээ бүрэн төгс хэрэгжүүлж эхлэхийг хууль санаачлан баталсан гишүүдээс тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Азидаа анх удаа гэгдэх хуулийг манай улс хэрэгжүүлэхийн тулд ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн хороо гэх нэгж байгуулна хэмээн заасан. Гэвч төсөвгүй хууль баталснаас хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй гэж ХЭҮК тайлбарлаж байгаа юм.
Уг нь бол шинээр байгуулах хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар гомдол мэдээлэл хүлээн авч, нотолгоо баримт цуглуулан эрсдэлийн үнэлгээ хийж ХЭҮК-т хүргүүлэх үндсэн үүрэгтэй гэж заажээ. Батлагдсан цагаас хойш 10 сар цаасан дээр байгаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль бүрэн хэрэгжвэл олон ач холбогдолтойг хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлж байна.
ХЭҮК-ын гишүүдийн тоог нэгээр нэмж хүний эрх хамгаалагчийн хороог даргатай болгоно хэмээн хуульд тусгасан. Гэвч өнөөдрийг хүртэл ХЭҮК-ын шинэ гишүүнээ томилж чадаагүй байгаа нь Азид анхдагч хуулийн хэрэгжилт ямар байгааг харуулах тод жишээ болоод байгаа юм.