Улсын их хурлын нэр бүхий гишүүд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Одоогийн хуулиар сонгууль болохоос хоёр жилийн өмнөөс иргэдэд эд зүйлс тараахыг хориглодог. Үүнийг дөрвөн жилийн турш хүчин төгөлдөр байлгах нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ сонгуулийн тухай хуулийн 48-р зүйлийн 1-р хэсэгт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авч дуусах хүртэл хугацаанд нэр дэвшигч ямар нэг эд бүлгийн зүйл иргэд олон нийтэд тараахыг хориглох зохицуулалт бий. Энэ нь 76 жижиг тойргоос бүрддэг парламентын гишүүд сонгуулийн жил эхлэхээс өмнө тойргийн сонгогч нартаа бэлэг сэлт, мөнгө тараах боломжийг олгосон заалт юм. Үүнээс үүдээд Сар шинийн баяраар УИХ-ын гишүүд ул боов, мах сүү, гурил будаа, бидон хүртэл тарааж ирсэн түүхтэй. Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж үүнийг хориглох төсөл боловсруулжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэл, ИТХ-ын дарга нар ч иргэд олон нийтэд ямар нэг эд зүйл тараахыг хориглохоор төслөө боловсруулжээ.
Иргэдэд ямар нэг эд зүйл тараахыг хориглохоос гадна хэрэв тараасан бол дахин сонгогдохгүй байх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалт бүхий хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барина гэж төсөл санаачлагчид хэллээ.