Махны үнийн өсөлт, малын өвчний тархалтыг хязгаарлахад УИХ анхаарна

Парламент

Улсын их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо шүлхий өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан байна. Хил гааль хаалттай байгаагаас үүдэн вакцин ховордсон энэ цаг үед малын гоц халдварт өвчин бараг бүх аймагт тархсан байгаа нь томоохон асуудал болж байгааг онцоллоо. Тийм учраас өвчин тархаж байгаа шалтгаан, дахин өвчин гаргахгүй байх тал дээр арга хэмжээ авахаар болсон байна.  

УИХ-ын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 22 хууль батлуулжээ. Хэлэлцэн батлуулсан хуулиуд дунд генетик нөөцийн хууль, таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулага зэрэг чухал төслүүд багтсан байна.

Манай улс нарийн ногооны 90 гаруй хувийг гадны улмаас импортоор авч байгаа энэ үед дотоодоос нарийн болон хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоход анхаарах нь юу юунаас чухал гэдгийг байнгын хорооны дарга онцолсон юм. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарч байгааг хэлж байна.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын тайлангаа танилцууллаа  

Үүнээс гадна сүүлийн үед махны үнэ эрс нэмэгдэж байгаа шалтгаан нөхцлийг судалж шаардлагатай арга хэмжээ авахад байнгын хорооны гишүүд анхаарч эхэлжээ. Энэ хүрээнд ажлын хэсэг гарган ажиллаж байгааг хэллээ. Сүүлийн жилүүдэд шүлхий өвчин эрс нэмэгдэж эхэлсэн нь махны үнэ өсөхөд ч нөлөөлж байгааг хэлж байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр гурван ажлын хэсэг гарчээ.  Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж ажиллаж байгааг онцоллоо. Мөн ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хэд хэдэн чухал хуулийн төсөл байгааг хэлсэн юм.