Монгол улсын засгийн газар Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөх гэж байна.
Хуулийн энэ хэсэгт эрх мэдэлтэн албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, авлигал өгсөн авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол торгох, зорчих эрх хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг цуцлах зэрэг хөнгөн ял оноож байсан юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон хэрэгт 40 сая төгрөгийн торгууль ноогдуулаад өнгөрснийг дурьдаж болно. Тийм учраас төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт ял наймаалцдаг, торгоод өнгөрдөг байдлыг бүрэн өөрчлөхөөр Засгийн газар шийдлээ. Хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барих гэж байна.