“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” энэ Бямба гарагт нээлтээ хийж, гурав хоног үргэлжилнэ

Парламент

Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” тун удахгүй болох гэж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан төдийгүй Ерөнхийлөгчийн зарлиг, Соёлын сайдын тушаалын дагуу энэхүү өдрүүдийг зохион байгуулдаг онцлогтой.

Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно гэж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр өнөөдөр болсон Хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.

Түүхийн хуудас сөхвөөс номын баярыг анх тэртээх 1950 онд “Хуучин номын худалдаа” нэртэйгээр зохион байгуулж байсан байна. Дараа нь 1955  оноос Хүүхдийн номын зах, 1990 оноос “Номын баяр, үзэсгэлэн”, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” тэмдэглэж байжээ. Харин өнгөрсөн 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болон өргөжсөн байна.