Ж.Ганбаатар шүүгчийн сахилгын хорооны гишүүдийг сонгох ажлын хэсгийн ахлагчаас нэрээ татлаа

Архив...

Парламент

Шүүгчийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг олонхийн бүлгээс санал болгосон ч гишүүдийн дунд багахан маргаан өрнөж уг асуудлыг хойшлуулсан.

Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр ажлын хэсгийн ахлагчаас нэрээ татаж байгаагаа Ж.Ганбаатар гишүүн мэдэгдлээ.

УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧИД УИХ-ЫН ГИШҮҮН С. БАЯМБАЦОГТЫГ ТОМИЛЛОО

Улмаар УИХ-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн С. Бямбацогтыг санал болгож гишүүдийн олонхи дэмжлээ. Хуралдааны үеэр УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга С. Бямбацогт дахин ажлын хэсэг ахалж болохгүй гэж зарим гишүүд шүүмжилсэн. Харин УИХ Ардчилсан намын бүлгийн дарга саналыг дэмжиж байгаагаа онцлоод зөв сонголт гэсэн юм.

Шүүхийн тухай хуулийн 77.2 т шүүгчийн сахилгын хороо болон шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт УИХ дахь олонхи болон цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхий үндэсний комисс, Хуульч өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилсон УИХ-ын гишүүн ахална гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчийг томиллоо.

Ажлын хэсгийн ахлагчийг сонгосны дараа үргэлжлүүлэн гишүүдийг сонгон томиллоо. УИХ дахь цөөнхийн бүлгээс гишүүн биш хүн томилох санал гаргаж Ардчилсан намын бүлгийн зөвлөхийг илгээж олонхи дэмжлээ. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн зэрэг 9 хүнийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжин томиллоо. Харин хууль зүйн холбооноос илгээсэн төлөөллийг гишүүд дэмжээгүй тул байнгын хороонд хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ирүүлэхээр болсон юм.