Архив...

Улсын Их хурал

Улсын их хурлын ээлжит сонгууль болоход зургаан сар орчмын хугацаа үлдэж байна. Олон мандаттай томсгосон мажоритор тогтолцоогоор сонгуулиа явуулахаар төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн сонгуулийн үеэр нэг хүн олон удаа санал өгсөн, царцаа буюу шилжилт хөдөлгөөн ихэссэн зэрэг асуудал гарсныг ярьдаг. Тийм учраас хаягийн давхардал арилгах, иргэний бүртгэлийг дахин нягтлах шаардлагатайг гишүүд онцлон хэлж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийж, олон мандаттай, томсгосон, мажоритор тогтолцоогоор сонгууль явуулахыг дэмжсэн. Мөн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр хуралдлаа. Сонгуулийн хуулинд зөрчилтэй ялангуяа мөрийн хөтөлбөр, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зүйл заалт орсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Мөн улс төрийн нам эвсэлд нэг удаад сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр олгохоор болсон. Хугацааг 20 хоногоос өмнө гэсэн саналыг ажлын хэсгээс гаргаж, санал дэмжигдсэн юм.    

Сонгогчид хурууны хээ ашиглаж сонгуульд оролцоно. Энэ тохиолдолд нэг хүний нэр дээр 2 удаа санал өгөх боломж байгаа эсэх, өөрөөр хэлбэл царцааны нүүдэл гарах вий гэсэн болгоомжлол байгаа. Гол хардлага төрүүлж байгаа  асуудал бол сонгогчийн нэр давхцах байдал. Өнгөрсөн удаагийн сонгуулиар эцэг болон өөрийн нэр давхцсан тохиолдол гарч, маргаан дагуулж байсан удаатай. Тэгвэл УБЕГ-аас нийслэлд эцгийн болон өөрийн нэр давхцсан 118419 тохиолдол байгаа. Гэхдээ  хурууны хээгээр санал хураалт явуулж байгаа учир нэр давцсан ч нэг удаа 2 удаа санал өгөх боломж байхгүй гэдгийг хэлсэн юм.

Намаас нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийн нэг нь зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцох нь тодорхой бус байна. Тухайн нэр дэвшигчид зөвхөн хариуцлага тооцох уу эсвэл 3 нэр дэвшигчид хариуцлага тооцох уу зэрэг асуудал байгаа. Хууль зүйн байнгын хороог хуралдуулах талаар санал гарсан. Өнөөдөр ийнхүү төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн юм.