Испанийн хаан 6-р Филипп Пальма арал дээр очиж гамшгийн нөхцөл байдалтай танилцжээ

Үйл явдал

Испанийн хаан 6-р Филипп галт уул сэрж оргилон, байгалийн гамшигт үзэгдэл нүүрлээд байгаа Пальма арал дээр очиж гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. 

“Энэ бол жинхэнэ гамшиг. Бид өөрсдөөс шаардагдах бүхнийг хийж, гамшигт өртсөн хүмүүст туслах шаардлагатай” гэж Испанийн хаан хэлжээ.

6-р Филипп Канарын Пальма арал дээр очиж, галт уулын дэлбэрэлтийн улмаас халуун хайлмаг, лав урссанаас өртөн сүйдээд байгаа газар нутагт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Испанийн хаан гамшгийн бүсэд хатан Летисия болон ерөнхий сайд Педро Санчесын хамтаар очжээ. Тэд нутгийн иргэдтэй уулзаж, Брения-Баха дахь цэргийн түр штабаар очиж, гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн хүмүүстэй уулзсан байна.

Испанийн хаан орон нутгийн эрх баригчдад хандан тэд гамшгийн нөхцөл байдлыг урьднаас харж, төлөвлөсний дүнд хүн амыг аюул гамшгаас хамгаалж чадлаа гээд талархал илэрхийлсэн байна. Пальма арал дээрх Кумбре-Вьеха галт уул өнгөрсөн ням гарагт сэрж оргилон, улмаар галт уулнаас урсч байгаа халуун лав, үнс нурманд 350-иад барилга байшин өртөн сүйдэж, 6 мянга гаруй хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлээд байгаа юм.