Улсын Их хурал

Ирэх сарын 25 ны өдрөөс эхлэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улс орон даяар мөрдөж эхлэнэ. Үүнтэй холбоотой 10 гаруй хуульд өөрчлөлт оруулах юм. Тэгвэл өнөөдөр шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг холбогдох байнгын хороо хэлэлцэн УИХ аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гишүүдийн тухайд уг хууль хэрэгжиж эхлэснээр шүүгчид эрх мэдэлтнүүдээс хараат бусаар ажиллаж шийдвэр гаргаж чадах эсэхийг тодруулж байсан юм.

Монгол Улсын Төрийн тэргүүн шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх, бүх шатны шүүгчийг томилох бүрэн эрхтэй байдаг. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, шийтгэл ногдуулан чөлөөлөх эрх бүхий хариуцлагын зөвлөл байгуулахаар тусгасан юм. Тус зөвлөлийг есөн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд тусгасан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэх үед Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бусаар ажиллаж чадах эсэхийг тодруулж байлаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар 504 шүүгч үйл ажиллагаа явуулж хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна. Тэгвэл шүүгчдийн хараат бус байдлыг сайжруулахын тулд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг томилохдоо

Тухайн шүүхэд ажиллаж байгаа нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаанд томилох зохицуулалт орсон.

Энэ мэтчилэн шүүх засаглалын хараат бус байдлыг ханган 17 заалт бүхий хуулийн төслийг хэлэлцэж байхад дээд шүүхийн дарга байхгүй байгааг хууль зүйн сайд шүүмжиллээ.

ШҮҮГЧДИЙН ДУНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ ТУСГАЙ ШАЛГАЛТ АВДАГ БОЛНО

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр шүүгчдийн хараат бус байдал хангагдахаас гадна сахилга хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Тодруулбал, хууль буруу тайлбарладаг, шүүн таслахдаа буруу ажилласан шүүгчдэд хариуцлага тооцох заалтуудыг тусгасан байна. Үүнээс гадна шүүгчдэд мэргэжлийн хороо хяналт тавьж сонгон шалгаруулалт хийн тусгай болон суурь шалгалт авах юм. Суурь шалгалтаар 60-аас дээш оноо аваагүй бол тусгай шалгалтад орох эрх өгөхгүй байхаар хуульчилжээ.