Улсын Их хурал

Төрийн аудитын тухай хуульд Улсын их хурал өөрчлөлт оруулж байна. Татвар төлөгчдийн хөрөнгийг төрийн байгууллага хэрхэн захиран зарцуулсан,  зөв оновчтой хуваарилалт хийсэн эсэхэд аудитын байгууллага хяналт тавих юм. Төрд учруулсан хохирлыг хэрхэн төлүүлөх вэ гэдгийг хуулийн өөрчлөлтөөр тодорхой зааж өгч байна. Мөн аудитын байцаагчийн эрх үүрэг, мэдээллийн нэгдсэн сан зэргийг байгуулахаар төлөвлөжээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ирэх сараас мөрдөж эхлэхтэй холбоотой Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцлээ.

Хуулийн төсөлд орж байгаа гол заалт нь төрийн аудитын байгууллага шинжээч ажиллуулахдаа тухайн жилийн зардлын төсвийн 20 хувиас илүүгүй байхаар хуульчиллаа. Үүнээс гадна аудитын байгууллагын жилийн төсвийг УИХ-ын төсвийн байнгын хороо хянах зохицуулалт тусгаж байна. Мөн аудитын байгууллагын алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулсныг хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төслийг хэлэлцэх үед төрийн өмчийг шамшигдуулсан этгээдүүдийг аудит хэрхэн хянаж ямар зохицуулалтаар ажиллахыг гишүүд тодруулж байсан юм.

Төрийн төсөв мөнгөний бодлого, зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй аудитын байгууллага хараат бусаар ажиллах боломжийг хуулиар нээж өгч байгааг гишүүд онцоллоо. Мөн аудитын байгууллагаас тавьж байгаа шаардлага, хохирол барагдуулах акт, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг маш тодорхой оруулж өгснийг хууль санаачлагч хэллээ.

Үүнээс гадна аудитын байгууллага цахим мэдээллийн нэгдсэн сантай байхаар хуульд тусгасан байна. Цахим мэдээллийн сан байгуулах журмыг ерөнхий аудитор батлахаар зохицуулжээ.

Ингэснээр аудитын байгууллага шалгалт хийхдээ олон хайрцаг цаас, баримт нягтлах шаардлагагүй болгох хэрэгтэй гэх саналыг зарим гишүүд гаргасан. Уг хуулиар энэ нөхцөл боломж бүрдэж байгааг онцоллоо.