Улсын Их хурал

Ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн төрийн 181 үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ. Иргэд цонхноос цонхны хооронд цаас зөөдөг байдал арилж гарын үсгээс эхлээд бүх бичиг баримт нэгдсэн системд холбогдох юм. Мөн энэ онд багтаан төрийн үйлчилгээнээс албан бичгийн хэрэглээг бүрэн халах төлөвлөгөөг ч боловсруулжээ. Системийн бэлэн эсэхийг манай сэтгүүлч тодрууллаа.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд манай улс төрийн үйлчилгээг цахимжуулахад 400 орчим сая доллар зарцуулсан байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар төрийн захиргааны төв байгууллагууд нэг өдөрт 500-600 боодол буюу 250-300 мянган хуудас цааш ашигладаг байна. Манай улсын иргэд 10-аад жилийн өмнөөс иргэний ухаалаг цахим үнэмлэхтэй болсон ч өнөөдрийг хүртэл өөрийн мэдээллийг төрийн захиргааны байгууллагуудад нэг цонхноос нөгөө цонхонд цаасаар дамжуулан зөөдөг хэвээр байгаа. Тэгвэл энэ байдлыг бүрэн зогсоож төр өөрөө бүрэн цахимжих ёстойг УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга хэлж байна.

Н. УЧРАЛ: ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ ЭСВЭЛ СИМ КАРТАНД ТООН ГАРЫН ҮСГИЙГ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

Ирэх сарын 15-наас төрийн 181 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Тэгвэл уг шилжилтэд төрийн захиргааны зарим байгууллага бэлтгэл муу байгааг тэрээр хэллээ. Цаашид яам агентлагууд мэдээлэл технологийн төв байгуулж, цахим үйл ажиллагаа явуулах биш эсрэгээрээ олон хүн ажиллуулж нэг дарга тавих шаардлагагүйг ч энэ үеэр онцолсон юм. Одоо байгаа төвүүдийг татан буулгах саналыг УИХ-ын даргад хүргүүлж төр өөрөө нэгдсэн системээр үйлчилгээ үзүүлдэг болох хэрэгтэй гэлээ.
Манай улс цахим шилжилт ярьж 10 гаруй жилийг өнгөрөөхдөө тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлнэ гэж тодорхой ажлуудыг хийсэн. Гэвч өнөөдрийн байдлаар төрийн албаны 3000 орчим хүн л тоон гарын үсгийг хэрэглэдэг байна. Тиймээс энэ онд багтаан холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар иргэний цахим үнэмлэх эсвэл сим картанд тоон гарын үсгийг суулган ашигладаг болохыг энэ үеэр онцолсон юм.