Сирийн баруун хойд хэсэгт хэдэн зуун иргэд, хүүхдүүд нурангид гацсан хэвээр байгаа үед олон улсын хүмүүнлэгийн дусламж дутмаг байгааг газар дээр ажиллаж байгаа аврагчид шүүмжилж байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аврах багууд Туркэд ажиллаж байгаа бол, олон улсын хамтын нийгэмлэг Сирид туслах тал дээр идэвхгүй байгааг Сирийн эрүүл мэндийн сайн дурын ажилтан онцоллоо.
Сирийн баруун хойд хэсэгт олон улсын хариу арга хэмжээ удаашралтай байгаа нь нурангид дарагдсан хүмүүсийн амь нас, үхлийн асуудал болоод байна. Гамшиг болсноос хойш 60 цаг өнгөрөөд байгаа ч, нурсан балгас доор олон зуун иргэд гацсан хэвээр байгаа юм. Сирийн аврагчдад нөөц бололцоо хангалтгүй, дутмаг байгаагаас хүмүүсийг аварч чадахгүй байгаагаа уламжилж байна. Тэдэнд хүнд машин механизм, хүмүүнлэгийн болон эмнэлэгийн тусламж нэн шаардлагатай. Одоог хүртэл хүмүүнлэгийн ганц ч цуваа хилээр нэвтрээгүйг эрүүл мэндийн сайн дурын ажилтан Обайда Раноуш Ал Жазийрад ярьсан байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Мадеви сун-Суон Мягмар гарагт мэдэгдэхдээ, Туркээс Сирийн хойд хэсэгт хүрдэг тусламжийн урсгал газар хөдлөлтийн уршгаар зогссон байгааг мэдэгдсэн юм: “зам эвдэрсэн, явах боломжгүй, логистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа” гэж тэрээр хэлжээ. Харин Сирийн сайн дурын ажилчин үүнийг үгүйсгэж байна. Хагас цаг тутамд Туркт амиа алдсан Сири иргэдийн цогцсыг тээвэрлэсэн автомашинууд хилээр нэвтэрч байгаа гэж тэрээр хэллээ. Зам тусламж явахад хаалттай ч, оршуулгын цуваанд нээлттэй байгааг тэр онцолсон юм. Мөн НҮБ-ын тусламж хилээс нэг км ийн зайд орших Рэйханли хотод хадгалагддаг байна. Одоогийн байдлаар газар хөдлөлтөд амь үрэгдсэн 300 Сири иргэдийг шарилыг оршуулахаар Туркээс Сири лүү шилжүүлээд байна. Гэхдээ, гамшгийн эхний мөчөөс л Турк эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтнүүдийг хүлээн авахаа зогсоож, сайн дурын багийнхныг нэвтрүүлэхийг хориглосон байна. Турк-Сирийн хил, Баб аль-Хава гарамаар зөвхөн Египетийн багаж хэрэгсэлгүй эмч нарыг багтаасан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг нэвтэрсэн гэж Сирийн Иргэний хамгааллын менежэр Абдул Раззак Кентар хэвлэл мэдээлэлд мэдэгдсэн байна. Турк-Сирийн хилээр тусламж орж ирээгүй, 2 гарц хоёулаа нээлттэй гэж мэдэгдсэн ч, Иргэний хамгааллын алба одоогийн байдлаар олон улсын эсвэл бусад тусламж хүлээн аваагүй байна.