Засгийн газар

Нийслэлийн агаарын бохирдлыг 50-иас илүү хувиар бууруулсан сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулахад НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газраас өргөн барьсан. Шахмал түлшний тонн тутмын үнэ 150 мянгаар борлуулагдаж байгаа. Үүн дээр НӨАТ ногдуулснаар иргэд 165 мянган төгрөгөөр худалдан авах юм.

Энэ нь өдрөөс өдөрт хэрэглээ нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд иргэн болоод Таван толгой түлш компанид хүндрэлтэй байгаа тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.

Тавантолгой түлш компани өдөрт 3000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Цаашид 3500 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна Налайх дүүрэгт баригдаж байгаа шинэ үйлдвэрийн ажил хэвийн явагдаж байгааг хэллээ. Мөн хөдөө орон нутгуудад байгаа нүүрсний үйлдэрүүдийг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барих судалгааг хийжээ.

УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ засгийн газраас оруулж ирсэн төсөл томъёоллын хувьд буруу байсан тул төслийг татах асуудлыг байнгын хорооны дарга хөндсөн. Харин хэлэлцүүлгийн явцад засах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн юм.

Сайжруулсан түлшинд ногдуулах НӨАТ-ыг чөлөөлснөөр иргэд нэг тонн түлшийг 150 мянган төгрөгөөр худалдан авах юм.