Герман Улс III/20-ноос эхлэн цар тахлын ихэнх дүрэм журмаа цуцална

Ковид-19 /дэлхий/

Герман улс ирэх 3-р сарын 20-ноос өмнө цар тахлын хязгаарлалтын дүрэм журмаа үе шаттайгаар сулруулахаар төлөвлөж байна. 

Герман улсад коронавирусний халдварын тархалтыг бууруулахын тулд авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээгээ аажмаар сулруулж эхлэхээр болсон талаар энэ улсын Холбооны канцлер Олаф Шольц мэдэгджээ.

Герман улс цар тахлын үеийн дүрэм журмаа сулруулж эхлэх шийдвэрийг хөрш зэргэлдээх Австри, Швейцарь улсуудын нэгэн адилаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Германд хязгаарлалтын журмыг гурван үе шаттайгаар аажмаар сулруулахаар хэлэлцжээ. Цар тахлын үеийн хязгаарлалтын журмыг сулруулах талаар Германы канцлер улсынхаа 16 мужийн эрх баригчидтай хэлэлцэн тогтсон байна. Германд ийнхүү аажмаар цар тахлын журмыг халсаар ирэх 3-р сарын 20 гэхэд хязгаарлалтын ихэнх арга хэмжээгээ сулруулах юм. Энэ өдрийг Германд “эрх чөлөөний өдөр” гэж нэрийдээд байна.