Засгийн газар

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар  бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс үе тшаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжлээ. Тэгэхээр

 

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14
  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх болж байна. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах юм байна.

 

Тодруулбал Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна.

 

Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм байна. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо.
 
Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болголоо.