Тархи нь үхжиж, цаашид амьдрах боломжгүй болсон иргэдийг гэр бүлийнх нь зөвшөөрлөөр эртхний донор болгодог. Нэг амьгүй донор багадаа 6 хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой гэж үздэг байна. Гэвч манай улсад амьтай болон амьгүй доноруудын ар гэрт ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй учраас доноруудын ар гэрээс голдуу татгалзсан хариу сонсдог гэнэ. Тэгвэл доноруудаа алдаршуулж, тэдэнд дэмжлэг үзүүлдэг болох хуулийн төслийг Улсын их хурал хэлэлцэж эхэллээ.
Шинэ хуулиар амьгүй донорын гэр бүлд нэг сая төгрөг олгохоор тусгаж байна. Жилдээ 10 орчим л донор олддог учраас ийм 10 сая төгрөгийг төсөвт суулгуулахаар хууль боловсруулжээ. Мөн амьгүй доноруудыг алдаршуулах, тэдний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар зааж өглөө. Харин амьтай доноруудад тэтгэмж өгөхөөс гадна дотоодын сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амруулах, ажлын хамт олонд нь баатарлагаар таниулах, цалинтай чөлөө олгодог байх зэрэг заалтуудыг тусгажээ. Донорын хуультай болж байгаа нь сайн хэрэг ч үүнийг дагасан хүний наймаа, эд эрхтний бизнесээс хэрхэн хамгаалагдаж байгааг гишүүд тодрууллаа.
21 НАС ХҮРСЭН ИРГЭН САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЭРХТНИЙ ДОНОР БОЛОХЫГ ЗӨВШӨӨРНӨ
2000 онд баталсан Донорын хуулиар 25 нас хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр донор болохыг зөвшөөрч байсан. Тэгвэл шинэ хуулиар насны хязгаарыг 21 болгож байна. Өнгөрсөн онд манай улс 7 амьгүй донороос найман бөөр, 7 элэг, 14 судас, 17 шөрмөс шилжүүлэн суулгажээ.