Халуун сэдэв

Авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн иргэн ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй. Сонгуулийн хуулинд тусгагдсан энэхүү зүйл заалт нь нэг хүнд зориулагдсанаас гадна хүний эрхэнд ноцтой халдсан гэдгийг улс төрийн намууд мэдэгдэж байгаа. Тэгвэл тэд дээрх асуудалдтай холбогдуулж Монгол улсын ерөнхийлөгчийг сонгуулийн хуулинд хориг тавихыг хүслээ.

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох зүйл заалттай ижил төстэй зохицуулалтыг Үндсэн хуулийн цэц 2008 оны 5-р сарын 14-ний хуралдаанаараа хэлэлцсэн байдаг. Тухайн үед “УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаа нь үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан” гэсэн цэцийн дүгнэлт гарч байжээ. Тиймээс сонгуулийн хуулинд тусгагдсан зүйл заалт нь үндсэн хуультай зөрчилдөж байна гэдгийг улс төрийн намын төлөөллүүд мэдэгдэж, Монгол улсын ерөнхийлөгчийг бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавихыг хүслээ.

Үүнээс гадна хуулийн энэхүү зохицуулалт нь нэг хүнд зориулагдаж батлагдсан, хүний эрхэнд халдаж байгаа гэдгийг ч хэллээ. Хэрэв Монгол улсын ерөнхийлөгч хүсэлтийг хүлээн авахгүй бол хууль батлагдахад нөлөөлсөн гэж хардахад хүргэнэ гэсэн.