Говийг ойжуулагч баатар - Дэмчигийн Бараадууз “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ

Ерөнхийлөгч

Өдөр ирэх бүр цөлжиж буй Монгол Улсын говь хээрийн бүсийг ойжуулах, цөлжилттэй тэмцэх үйлсийг манлайлан оролцож, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт олон зуун мянган мод тарьж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд гаргаж буй гарамгай амжилтыг үнэлж, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадуузад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Халтмаагийн Баттулга: "Өнөөдөр төрийн цол, шагнал хүртэгсдийн дунд эх орноо, байгалиа хайрлахын үлгэр жишээ болсон нэгэн хүн байна. Тэр бол Дэмчигийн Бараадууз гуай – Говийг ойжуулагч баатар. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам бүр хуурайшиж, цөлжиж байгаа говь нутгаа ногооруулах ажлыг хэний ч шахалтгүйгээр өөрөө сэтгэл зүрхээрээ санаачлан хийж байгаа баатарлаг үйлстэн. Танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна.

Д.Бараадууз гуай 1992 оноос “Ойн хишиг” мод үржүүлгийн төвийг байгуулж, Өмнөговь аймгийн Булган сумын 9 га газрыг ойжуулжээ. Д.Бараадууз гуай өөрийн ажилтнуудын хамтаар Улаанбаатар хот, зүүн аймгуудад болон Дундговь, Дорноговь аймгийн бүх сумыг тарьц, суулгац, тарих зөвлөмж, аргачлалаар хангаж, олон мянган мод тарьжээ. “Ойн хишиг” төв нийтдээ 300 мянга орчим мод тарьж ургуулаад байгаа бөгөөд 1992 оноос хойш энэ ажлыг тэтгэврийнхээ мөнгөөр санхүүжүүлж байжээ. Эх орноо ам хэлээрээ бус бодит үйл хэргээр хайрлан хамгаалж, байгаль орчноо тордож ирсэнд танд бүх ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье."

ШУУД үзэх