Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг байнга сонсож байх ёстой гэж үздэгээ уулзалтын эхэнд тодотголоо.
Тиймээс есдүгээр сарын эхний 10 хоногт багтаан цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээр шийдвэрлэснээ дуулгалаа. Зөвлөгөөнөөр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, гарах гарц, шийдэл зэргээ бүх талаас нь ярилцан, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод юуг нь хариуцахаа тодорхой болгох нь зүйтэйг онцоллоо.
Төрийн тэргүүний хувьд зөвлөгөөнөөс гаргах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа ч илэрхийлсэн байна.
Хувийн хэвшлийнхний хувьд хүнд цаг үед бүхий л нөөц боломжоо дайчилж байгаа. Цаашид ч ажлын байраа хадгалан үлдэх, бизнесээ аврахын тулд байгаа бүх хүчээ зарцуулна гэдгээ онцоллоо. Төрийн удирдлага, дээд шатандаа шийдвэрийг аль болох гаргадаг. Гэвч дунд шатандаа төрийн үйлчилгээ маш их хүнд сурталд автаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирдаг
гэдгийг хувийн хэвшлийнхэн төрийн тэргүүнд дуулгалаа.
Төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт зөвлөгөөн ирэх сард болно. Эндээс гарах шийдэл, гарц эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.