Ерөнхийлөгч жил бүр хоёр тэрбум төгрөгийн тэтгэлэг оюутнуудад олгоно

Ерөнхийлөгч

Аймаг, сум бүрээс жил бүр 504 хүүхдийг гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцуулна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг дараах байдлаар олгогдоно. Үүнд:

  • Тухайн жилийн ЭЕШ-д харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг сонгож дотоодын их дээд сургуульд тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт хамруулах юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөний дараа дэлхийн шилдэг их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах эрх бүхий тэтгэлэг  олгоно.
  • Мөн дэлхийн шилдэг 100 их дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт өөрийн сурлагын оноогоор тэргүүлэн элсэн суралцах эрх авсан иргэн ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юм.

Дэлхийн шилдэг их дээд сургуульд жил бүр 504 иргэнийг тэтгэлгээр суралцуулна. Үүнд шаардлагатай зардал болох 2 тэрбум төгрөгийн улсын төсвөөс гаргаж байхаар болжээ.

Суралцаад ирсэн иргэдийг улсдаа ажиллах ажлын байраар хангах асуудлыг ч холбогдох хууль тогтоомжид тусгахаар болсон байна. Харин ерөнхийлөгчийн хоёр дахь зарлигт олон улсын олимпиадад оролцоод медальт байранд орсон багш сурагчдад урамшуулал олгохоор тусгажээ.

Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг хүлээн авч уулзан баяр хүргэсэн. Тэдний шагналыг энэ долоо хоногт гардуулан өгөх юм. Цаашид олон улсын олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдыг багаар нь урамшуулж дэмжин ажиллах үүднээс энэ зарлигийг гаргасан байна.

Он гарснаас хойш манай сурагчид олон улсын таван олимпиадаас 15 медаль гурван шагналт байр авсан байна.

Цаашид хүүхэд залуусын гаргаж байгаа оюуны өндөр амжилтыг үнэлэх, улсын болон олон улсын олимпиадад тэгш хамруулан оролцуулдаг болох үүднээс шаардлагатай журмыг өөрчлөхөөр боллоо.

Маргааш засгийн газрын хуралдаанаар ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой илүү тодорхой журам гаргах юм.