Дэлхийн удирдагчид 2030 он гэхэд ой мод устгалыг зогсооно гэж амаллаа

Ерөнхийлөгч

У. ХҮРЭЛСҮХ: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулахаар зорилтоо ахиулан тодорхойллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

Төрийн тэргүүн уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26-р бага хурлыг зохион байгуулж байгаа Британийн засгийн газарт талархал илэрхийлж Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувиар бууруулахаар зорилтоо ахиулан тодорхойлж байгаагаа мэдэгдлээ. Энэ зорилтоо биелүүлэхэд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн томоохон хувь нэмэр болохыг онцолсон юм6

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 26 дахь уулзалт буюу Коп-26 Шотландын Глазго хотноо үргэлжилж байна.

Уулзалтын үеэр улс орны тэргүүнүүд ой мод устгалыг 2030 он гэхэд зогсоосон байна гэж амлахаас гадна илүү их хөрөнгийг энэ чиглэлд зарцуулана гэж мэдэгдлээ. Харин манай улсын төрийн тэргүүн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувиар бууруулна гэж Монгол Улс зорилтоо ахиулан тодорхойлж байгаагаа мэдэгдсэн юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг шингээх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртдөг хүүхэд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаагаа Төрийн тэргүүн онцлоод бага дунд орлоготой орнуудад чиглэсэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж бүс нутгууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал гэдгийг онцлон хэлсэн юм.

Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмэр бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулахаар тусгасан байдаг. Харин дэвшилтэт технологи инновацийг нэвтрүүлж , шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг төрийн тэргүүн дээд түвшний уулзалтын индэр дээрээс мэдэгдсэн юм.