Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн удирдагч нарт танилцууллаа.
Коп26 уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн өндөр дээд хэмжээний уулзалт эхэллээ. Дэлхийн 130 гаруй улс орны төлөөлөгчид таван жилийн өмнө Парис хотод уулзахдаа өгсөн амлалтаа хэрхэн биелүүлж байгаагаа танилцуулахаас гадна цаашид дэлхийн дулаарлын эсрэг ямар ажил хийхээ олон улсад зарлаж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж Монгол Улсын байр суурийг дэлхийд танилцууллаа.
Одоогоос таван жилийн өмнө дэлхийн дулаарлын эсрэг улс орны тэргүүлэгчид Парис хотноо чуулж өөр өөрсдийн амлалтыг өгч байсан юм. Тухайн үед Монгол Улс эрчим хүчний системээ шинэчлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтыг өгсөн. Үүнийхээ төлөө ч хичээсээр ирснийг Төрийн тэргүүн У.Хүрэлсүх хэллээ.
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хүлэмжийн хий бууруулж хувь хэмжээ 22 хувь байсан бол 2030 он гэхэд 27 хувьд хүргэх боломжтойг Ерөнхийлөгч онцолсон. Ингэхийн тулд 2030 он гэхэд "Нэг тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, мод тарих үйлсэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс доошгүй хувьтэй тэнцэх хэмжээний зардлыг зарцуулдаг байхаар шийдснээ ч Коп26 уулзалтын хүндэт индэр дээрээс зарлалаа.
Дэлхийн дулаарлыг бууруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам бий. Харин нүүрс шатаадаг, нүүрсний цахилгаан станц ашигладаг улс орнуудын хувьд үүнээс татгалзах, шинэчлэх шаардлага бий болж байгаа юм. Эрчим хүчний салбарт технологийн өөрчлөлтийг хийхэд асар их хөрөнгийн асуудал яригдана. Гэхдээ үүнээс хойш суух бас боломжгүй. Нэгэнт дэлхий нийтээрээ дулаарлын эсрэг тэмцэж байгаа бол нэг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлэх, яриа хэлэлцээрээр шийдэх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.
Эрчим хүчний салбарыг шинэчлэхэд эдийн засгийн хувьд асар хүнд мэт харагдаж байгаа ч ирээдүйд гарах үр дүн маш өндөр үр өгөөжтэй гэдгийг энэ салбарынхан хэлж байна. Гэвч богино хугацаанд хийхэд хүндрэлтэй учраас эхний ээлжинд Тэрбум мод төслийг илүү өргөн цар хүрээтэй өрнүүлэх ёстойг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд онцоллоо.
Тэрбум мод тарих энэ хөдөлгөөн байгаль дэлхийдээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаагаас гадна ногоон эдийн засгийг бэхжүүлнэ. Мөн иргэдийн ялангуяа хүүхэд багачуудын эрүүл орчинд өсөж торних чухал үүд хаалга болохыг хэлж байна.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Гелемарек бараалхлаа.
Тэрээр Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна өмнө эхэлсэн ажлаа эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ онцолсон байна. Үүний дараа Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацагу Асакава бараалхсан.
Азийн хөгжлийн банкны хувьд ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад 1.5 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ дуулгалаа. Энэ мөнгө бол өнгөрсөн 30 жилд Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа юм.