Монгол Улсын Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил тууштай ажилласан эрхмүүдэд төрийн дээд шагнал гардууллаа. Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой цар тахлын хүнд үед тохиож байгааг онцлоод хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа салбарын бүхий л мэргэжилтнүүдэд баяр хүргэсэн юм.
Монгол Улс анх 1921 онд орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг байгуулж байсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ ойтой золгож байгаа эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсад цар тахлын хүнд сорилттой хоёр жил гаруйн хугацаанд тэмцэж байна.
Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр олон жил зүтгэж яваа эрүүл мэндийн салбарынхан хоёр зууны солилцол хоёр оны босгон дээр төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүллээ.
Анхан шатны эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлж, цар тахлын хүнд үед иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдаас эхлээд гэмтлийн дараах яаралтай тусламжийг шуурхай үзүүлэн цаг хугацаатай уралдаж хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалж байгаа ГССҮТ-ийн эмч ажиллагсад өнөөдөр төрдөө үнсүүллээ.
Эрүүл мэндийн салбар хоёр зууны солбицолд хүн төрөлхтөний дэлхийн хоёрдугаар дайнаас хойш туулж үзээгүй хүнд сорилттой тулгарч байгааг төрийн тэргүүний зөвлөх онцлоод цаашдын ажилд нь амжилт хүслээ.