Үндэсний спортын анхдугаар их чуулган төрийн ордонд эхэллээ. Манай улсад олон зуун жилийн түүхтэй өв соёл, үндэсний спорт олон бий. Харин энэ цаг үед үндэсний спорт ёс жудгаа алдаж, ард түмний хайр ивээлээр бий болсон тамирчид нь хүндэтгэл даахаа больж эхэлснийг Төрийн тэргүүн чуулганы индэр дээрээс хэллээ. Цаашид үндэсний спортоо энэ хэвээрээ хадгалан үлдэхийн тулд чангахан хууль дүрэмтэй болох шаардлагатайг ч сануулсан байна.
Аливаа улс орны үндэсний спорт гэдэг тухайн улсын үндэсний соёл ёс заншил өв уламжлал, үнэт зүйлийг тээж түүгээрээ дамжуулан ард түмнийхээ үндэсний ухамсар эх оронч үзлийг төлөвшүүлэх эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэй. Гэвч манай улсад эсрэгээрээ ард түмэн нь үндэсний спортоо дээдлэн, эрхэмлэдэг ч бөхчүүд нь хоорондоо маргалдан талцаж, допингийн хэрэгт холбогдон, морин уралдаан нь будлиан хэрүүл маргаанаар тасралгүй хэдэн жилийг ардаа үдлээ. Сүүлдээ эв нэгдлийг эрхэмлэх ёстой үндэсний спортынхонд иргэд олон нийт нь эвтэй байхыг сануулж, хэл ам хэрүүл маргаангүй уралдаан тэмцээн болж дуусвал баярладаг болжээ. Энэ асуудлыг ч төрийн тэргүүн шүүмжилж цаашид элдэв асуудал гаргахгүй байхад анхаарахыг сануулсан юм.
Өнөөдөр төрийн ордонд болсон үндэсний спортын анхдугаар их чуулганд Төрийн тэргүүн үг хэлэхдээ, цаашид дээрх асуудлыг цэгцлэхэд хаана хаанаа анхаарах хэрэгтэйг санууллаа. Мөн УИХ, засгийн газраас одоо мөрдөж байгаа хууль журмыг сайжруулан өөрчлөлт оруулах хэрэгтэйг ч хэлсэн юм.
Төрийн тэргүүн хэлэхдээ үндэсний спортын өв соёлыг тээж байгаа хэн бүхэн эв нэгдэл ёс жудгийг эрхэмлэн дээдэлж биеэр үлгэрлэх ёстойг онцолсон юм. Мөн залуу хойч үедээ өвлүүлөн хөгжүүлэхэд төр засгийн түвшинд онцгой анхаарч тулгамдах асуудлуудыг шийдэхэд бодлого тодорхойлохоо ч хэллээ.