Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 10 жилээр бага байгаад “архи” голлон нөлөөлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын эсрэг кампанит ажил өрнүүлнэ гэдгээ "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал" сэдэвт чуулганы үеэр зарлалаа. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна. Эрчүүдийн эрүүл мэнд бүхэлдээ муу байгаад олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч тэргүүлэх шалтгаан нь архидалттай холбоотой гэж төрийн тэргүүн хэллээ. Тийм учраас "Эрүүл, архигүй монгол хүн хөдөлгөөн" өрнүүлэхээр болсон байна.
1990 онд нийгэм юм юмаараа хомс хатуу тарчиг цагт Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 5,8 насаар бага насалдаг байж. Гэтэл 30 жилийн дараа энэ үзүүлэлт 10 жилээр богиноссон судалгааг Ерөнхийлөгч танилцууллаа. Монголын дундаж наслалт 70 гэж үзвэл эрчүүд 60 насандаа тэнгэрт дэвшиж байна гэсэн үг. Яагаад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ бага насалж байна вэ?
Амьдралын энэ буруу зуршлаас гадна, нийгэмд эрэгтэй хүүхэддээ ханддаг хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсныг НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч тодотголоо. Ялангуяа хөдөөд хавтгайрсан үзэгдэл бол эрэгтэй хүүхдээ сургуулиас гарган, малчин болгодог үзэгдэл түгээмэл.
Эхнэргүй залуус хөдөөд олширч, ганц бие мал дагасан залуусын эгнээ улам бүр нэмэгдсээр байна. Эрчүүдийн нийгмээс хаягдаж байгаа энэ үзэгдэл гэр бүл хүчирхийлэл дээр илүү тод мэдрэгдэж байгаа юм.
Эрчүүд нийгэмдээ гологдох хандлага статистикаас харагдаж байгаа юм байна.
Ерөнхийлөгч эрэгтэйчүүдийн асуудлыг хурал чуулганы ганц дурдагдаад өнгөрөх сэдэв болгохгүй, илүү ажил хэрэгчээр хандаж, төр бодлогын түвшинд зайлшгүй авч хэлэлцэнэ гэж мэдэгдлээ. Тэрээр ярианы төгсгөлд нэг уриалгыг дэвшүүлсэн юм.