Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байна. Мөн оны байдлаар манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа.

“ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах,

Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах,

Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй хүлээн авалт, албан ёсны баяр, ёслолын арга хэмжээнд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох зэрэг онцлох арга хэмжээг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зарлигийг танилцуулсныхаа дараа,

“Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, ард иргэдийн архины хэрэглээний түвшинг аваад үзвэл өндөр хатуулагтай спиртийн агууламж бүхий архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр, үүнийг дагаад үүсэж буй гэмт хэрэг, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагавар маш их байна. Дэлхийн олон оронд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хатуулгийг үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тиймээс бид архины хатуулгийг үе шаттай бууруулах бодлого хэрэгжүүлж, архины зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 40 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15,660 төгрөг байгаа. Үүнийг өөрчилж, 36 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15,660 төгрөг болно гэсэн үг. Ингээд 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах юм. УИХ-ын хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулж, зарлигийн заалтуудыг тусгана”

хэмээн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт архидалт, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хатуу тэмцэх, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллах тухай заалт туссан билээ.

ШУУД ҮЗЭХ