Архины хатуулгын хэмжээг жил бүр хоёр градусаар бууруулж 18 болгоно 

Ерөнхийлөгч

Өнөөдөр жилд нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ 52 литр байна. Ард иргэдийн дунд архи согтууруулах ундааны хэрэглээ маш өндөр байгааг бууруулах ажлыг ерөнхийлөгч санаачлаад байна. Төрийн тэргүүн өнөөдөр засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргалаа. Согтууруулах ундааны градусыг бууруулах, татварыг нэмэх, архинаас олох орлогыг эрүүл мэндийн салбарт зориулах зэрэг чиглэлүүд багтжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч архины хамаарлыг бууруулах зарлиг гаргаж засгийн газарт чиглэл өглөө. Ерөнхийлөгчийн зарлигт архины хатуулгаас хамаарч  татвар нэмэх, согтууруулах ундааны хатуулгыг ойрын 10 жилд үе шаттайгаар бууруулах, төрийн байгууллагуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд өндөр хатуулагтай архийг хэрэглэхийг бүр мөсөн хориглох зэрэг анхаарал татсан асуудлууд тусгагджээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ойрын 10 жилд архины хатуулгийг 38 градусаас 18 хүртэл жил бүр хоёр градусаар бууруулна. Хатуулгын хэмжээнээс хамаарч татвар ногдуулна. Өндөр градустай архинаас авсан татварын орлогын тодорхой хувийг хавдрын эмнэлэг, архинд донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих асуудалд зарцуулахаар тусгагджээ. 

Ингэснээр манай улс ойрын 10 жилд архины шалтгаант нас баралт, өвчлөл, осол гэмтэл, гэмт хэргийг бодитой бууруулна гэж ерөнхийлөгчийн баг үзэж байна. ЮүТүб хуудсанд залуусын байршуулсан ярилцлагын үеэр залуус сонголт үлдээлгүйгээр хүний эрх чөлөө рүү халдаж байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.